Хогны уутны санал асуултыг эцсийн хэрэглэгчдээс авна

2014 оны 4 сарын 11

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж буй Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд айл өрхүүдэд тарааж байгаа хогны уутыг иргэд, олон нийт эсэргүүцсэнээр энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг санал асуулгаар шийдэхээр болсон. Санал, асуулт хэзээ, ямар зарчмаар явагдах талаар нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

-НИТХ-аас хогны уутыг цаашид тараах эсэхийг иргэдийн дунд санал, асуулт явуулж байж шийдвэрлэе гэсэн тогтоол гаргасан. Харин одоогоор санал асуулт хэзээ, яаж явагдах нь тодорхойгүй байна. Энэ асуудал хэзээ тодорхой болох вэ?
-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдах ажилт­ны зөвлөгөөн дээр энэ асууд­лыг танилцуулсан. Хо­тын удирдлагууд ямар ший­дэлд хүрсэн бэ гэхээр санал асуултыг эцсийн хэрэг­лэгчдээс авъя гэдэг дээр санал нэгдсэн.
Интернэтээр авахаар давалгаа үүсээд байна, магадгүй улстөрийн өнгө аяс ороод ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс айл өрхийнхөө хаалгыг тогшоод эцсийн хэрэглэгчдээс энэ саналыг авсан нь зүйтэй гэж үзсэн.
Харин хэзээ, яаж авах вэ гэдэг дээр нарийн шийд гараагүй. Яг одоо санал асуултын ажилд хэн хэн оролцох ямар бүтэц журмаар авах талаар ярилцаж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр санал асуултыг хэзээ хаагуур авах нь тодорхой болно.
-Хогны уут тараах ажлыг зохион байгуулж буй хүмүүс санал асуултын ажлыг зохион байгуулах нь зохимжгүй гэсэн шүүмжлэл байна.
-Тийм ээ. Тухайлбал нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер Б.Бадрал болон миний бие иргэдээс санал, асуулт авах ажилд оролцмооргүй байгаа юм. Бид нарыг хэрэгжүүлж буй бодлогоо хамгаалахын тулд сайн, муу юм гаргах ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нь зөв.
Тэгэхээр хөндлөнгийн байгууллагуудаар энэ ажлыг хийлгэхээр төлөвлөж байна. Жишээ нь нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, мони­то­рингийн хэлтэс, гадны бай­­гууллагууд, иргэдийн тө­­лөөллийг орол­цуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллана.
-Санал асуулт хэр өргөн хүрээтэй болох юм. Бүх дүүргүүдийг хамарч чадах уу?
-Бидний хувьд аль болох олон хүн, бүх дүүргүүдээс авах хүсэлтэй байна.
-Хогны уут тараах ажил одоо түр хугацаагаар зогссон байгаа юу?
-Үргэлжилж байгаа. Дө­рөвдүгээр сарынхаа уутыг тараагаад дуусчихсан.
-Иргэдийн санал асуулга явагдаад дууслаа. Хэрвээ иргэд хогны уут тараах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд юу хийх вэ?
-Одоогоор юу хийхийг тодорхойлоогүй байна. НИТХ-аар ороод гарсан шийд­­вэрүүдийг л бид хэрэг­жүүлэх үүрэгтэй. Хэрвээ иргэд бидний энэ ажлыг дэмжихгүй то­хиол­долд да­раа дараагийн төлөв­лөгөө­нүүд нурах болно.
Өөрөөр хэлбэл хогоо ангилан ялгадаг болох эх­ний алхам нь хогны уут та­раах ажил байсан. Эхний шат амжилттай тавигдахгүй бол цаашаа явах ямар ч аргагүй болно. Ингээд хотын иргэд маань ангилан ялгаж хогоо хаядаг алхмаасаа дахиад л хэдэн жил ухрах ажил гарна.
Өмнөх хотын удирд­лагууд ч гэсэн энэ ажлыг санаачлан хийх гэж орол­дож байсан ч цаг хугацааны хувьд болоогүй гээд хүлээж байсан юм.
-Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хогоо ялган ангилахаас өмнө хог боловсруулах үйлд­вэрүүдээ ашиглалтад оруулах ёстой юм биш үү. Одоогоор ажиллаж буй үйлд­вэр байна уу?
-Багахангай дүүрэгт бен­зин гаргадаг үйлдвэр ажил­лаж байна. Улаанчулуутын хогийн цэг дээр нэг боловс­руулах үйлдвэр байна. Мөн Нарангийн энгэр дэх хогны цэг дээр БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан бо­ловсруулах үйлдвэр ажил­лахад бэлэн болоод байгаа.
-Бүхэл бүтэн нэг сая гаруй хүн амтай хотод ганцхан үйлдвэр ажил­лана гэдэг хаа хаанаа хүрэл­цэхгүй нь ойлгомж­той.
-Ойрын хугацаанд хэд хэдэн үйлдвэрүүд баригдах юм. Хог боловсруулах үйлд­­вэрийн 20 гаруй төсөл Захирагчийн ажлын алба дээр ирсэн. Хэрэгжүүлэх боломжгүй төслүүдийг нь хассаар байгаад одоогоор таван төсөл шалгараад байгаа. Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн хурлаар оруулаад баталчих юм бол гэрээ хэлэлцээрийнхээ ша­танд орно гэсэн үг.
Ингээд төслийн ажил тавдугаар сард эхлэх юм бол ирэх намраас хогоо бо­ловсруулах үйлдвэрүүд эхнээсээ ашиглалтад орно.
Бидний шалгаруулаад байгаа төслүүдэд дулаан, эрчим хүч гаргах, барилгын хог хаягдлыг боловсруулах, хуванцраар хатуу түлш хийх гэх мэт төрөлжсөн төслүүд бий.
-Таны ярьж буй хог боловсруулах үйлдвэрийн төсөлд нийслэлээс мөнгө зарцуулах уу?
-Нэг ч төгрөг зарцуу­лахгүй. Тэд өөрсдийн хө­рөнгөөр барья гэж байгаа. Харин нийслэлийн зүгээс газрыг нь зааж өгнө. Түү­хий эдээ нийлүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1393
0 эможи
keyboard_arrow_up