Занабазарын бүтээл 4,3 сая ам.доллараар зарагдлаа

Дэлхийд дуудлага худалдаагаар алдартай Сотби компаний Франц дахь салбарт өчигдөр Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээгдсэн хүрэл цутгамал Ногоон дарь эхийг дуудлага худалдаагаар зарсан байна. Энэ тухай нэлээд хэд хоногийн өмнөөс Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж олон нийтийн зүгээс их эсэргүүцэж байсан. Монгол улсын Гадаад хэргийн яамнаас тус компанид хандан өчигдөр захидал илгээжээ. Уг захидалд “Танай компанийн дуудлага худалдааны каталогид дурьдагдаж, өнөөдөр дуудлага худалдаагаар худалдаалагдах ёстой Монгол урлаач Занабазарын бүтээлүүд багтсан байна. Гэвч Занабазар болон түүний бүтээлүүд бол Монгол улсын өмч бөгөөд гадаадад худалдаалахыг хориглосон байдаг билээ. Иймд Занабазарын 17 дугаар зууны үед хийгдсэн дарь эхийн баримлын эзнийг олж тогтоон, хэрхэн гадаадад гарсаныг тогтоож эргэн хариу мэдэгдэнэ үү. Та бүхнийг энэ асуудлыг хүндэтгэн үзнэ хэмээн найдаж байна” гэсэн утга бүхий байжээ. Гэвч Сотби компани үүнийг үл ойшоон дуудлага худалдааг зохион байгуулсан аж. Ногоон дарь эхийг 200 мянган еврогоос эхэлж дуудаад 3.46 сая евро буюу 4.3 сая ам.доллараар зарсан байна. Тэгвэл судлаач, шинжээчид энэхүү бүтээлийг 300 мянган евро л хүрнэ хэмээн тооцоолж байсан юм.









