БНОУХ Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан доктор Ларри Даймондтай “Монгол Улс дахь авлигыг хянах нь” хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 12 сарын 11

Вашингтон ДС  – Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) Ардчиллын Төлөөх Үндэсний Сантай хамтран АНУ-ын Хүүвэр Хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Станфорд Их Сургуулийн Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, доктор Ларри Даймондтай Монгол Улс дахь авлигатай тэмцэх ажлын тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Монгол Улс дахь авлигыг хянах нь: Нээлттэй Улаанбаатар форумаас улбаалан гарсан хэтийн төлөв” хэлэлцүүлэгт АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон БНОУХ-ийн Хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Томас Е. Гарретт үг хэлж оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр 2014 оны зургаадугаар сард хийгдсэн Улаанбаатар хотын авлигын эсрэг үнэлгээний үзүүлэлтүүдийг агуулсан авлигын эсрэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үнэлгээний тайланг нийтэлж, олон нийтэд танилцууллаа. Энэхүү тайлан нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй авлигын эсрэг ажлуудын амжилт, ололт болон авлигад өртөж болохуйц сул талуудыг багтааснаас гадна БНОУХ-ийн тодорхойлсон эрсдлүүдийг хэрхэн багасгах тухай зөвлөгөөг тусгасан байна.

“Улс орны хөгжилд ноцтой бэрхшээл учруулагч хэмээн хэлэгддэг авлигын хурцадмал асуудалтай Монгол Улс олон жилийн турш тэмцэж ирсэн билээ. Авлигатай тэмцэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өндөр ач холбогдол өгч байгаа ба БНОУХ-ийн хөтөлбөр Монгол Улсын энэхүү хүчин чармайлтыг идэвхитэй дэмжиж ирсэн юм” гэж Томас Е. Гарретт хэллээ.

Уг хэлэлцүүлэг нь энэ оны 10 дугаар сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын авлигатай тэмцэх санаачлага дээр тулгуурласан “Нээлттэй Улаанбаатар 2014” авлигын эсрэг олон улсын форумын амжилт ололтоос үүдэлтэй билээ. Энэхүү форумд 16 улс орны засаг захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил болон судлаачдын 250 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Авлигын эсрэг дэлхийн тэргүүлэгч экспертүүдийн нэг болох доктор Даймонд “Нээлттэй Улаанбаатар 2014” форумыг “Монгол Улсад сайн засаглалыг хөгжүүлэхэд болон авлигын тулгамдсан асуудалтай тэмцэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжихэд шаардлагатай байсан олон улсын хамтын ажиллагааны нэгэн жишиг боллоо” хэмээн тэмдэглэлээ.

БНОУХ нь Монгол Улсыг тайван замаар ардчилалд шилжсэний дараахан буюу 1992 оноос тус улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд парламентийн тогтолцоог бэхжүүлэх, улс төрийн олон намын тогтолцоог хөгжүүлэх болон сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх хүрээнд ажиллаж ирсэн юм. БНОУХ ирээдүйн улс төрийн манлайлагчдыг чадавхижуулах, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдын ажлын үр дүнг дээшлүүлэх зэрэг зорилготой хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ажиллаж байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.iri.org вэбсайтнаас авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13747
0 эможи
keyboard_arrow_up