“Хараацай 2014” хүүхдийн урлагийн их наадмын гала тоглолт боллоо

2014 оны 4 сарын 10

Хараацай хүүхдийн их наадмын шилдэг 188 авьяаслаг багачуудын гала тоглолт МҮЭСТ-нд өнөөдөр боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хараацай” хүүхдийн урлагийн Их наадам 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

 

“Хараацай” хүүхдийн их наадмыг нээж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Азжаргал, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын зохицуулагч Д.Оюунчимэг нар үг хэллээ. Мөн зочидоор ХУД-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган,  Боловсролын хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэхүү наадмын гол зорилго нь хүүхдийг бага наснаас нь үндэсний соёл, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд орших юм. Хан-Уул дүүрэг нь 2013-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд хүүхэд хөгжлийн чиглэлээр хийгдэж буй томоохон ажлуудын нэг Хараацай хүүхдийн урлагийн Их наадам болж байна. Урлагийн наадамд оролцогч хүүхдүүд урьд өмнө нь улс, нийслэл дүүргийн хэмжээний урлагийн наадам, уралдаанд оролцож байгаагүй хүүхдүүд байсан бөгөөд хүүхдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, тэдний оролцоог бий болгох, дэмжих идэвхижүүлэхэд анхаарч ажилласан гэдгээрээ онцлогтой юм байна.  Дашрамд хэлхэд Хараацай хүүхдийн урлагийн Их наадам шалгаруулалт 2014 оны 03 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд дүүргийн Соёлын ордонд болсон бөгөөд наадамд нийт 1300 гаруй хүүхэд багачууд хамрагдаж, авьяас чадвараа сорин оролцсон юм. Өнөөдрийн МҮЭСТ-нд болсон  энэхүү гала тоглолтод  медалийн эздээр тодорсон 188 авьяаслаг багачууд байж өөрсдийн авъяас чадвараа ээж, аав, багш нартаа харуулсан сайхан тоглолт байлаа.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1327
0 эможи
keyboard_arrow_up