Эрчим хүчний шинэ тариф энэ сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоосон. Шинэ тарифыг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.“Үнийг индексжүүлсэн” гэдэг нь гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалж, дүгнэсний үндсэн дээр дундажлан гаргасан шинэ тариф гэж ойлгож болох юм.УИХ-аас 2010 онд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, цаашид үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг тусгасан тогтоолыг баталсан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлд үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байна.









