Орон сууцны халаалттай холбоотой гомдол 19,6 хувиар буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр /01.13/ болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
2013 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 08.00 цагаас 2014 оны 01 дүгээр сарын 11-ний 08.00 цаг хүртэлх 21 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 188 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч, зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдэрлэж ажиллажээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 21.8 хувийг орон сууцны халаалттай холбоотой, 48.9 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 21 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 4.4 хувиар өсч, орон сууцны халаалттай холбоотой гомдол 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 38610 гомдол ирснээс 863 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх 21 хоногтой харьцуулахад гомдол, мэдээлэл 3862 нэгж буюу 11.1 хувиар өсч, гэмт хэрэг 109 нэгж буюу 11.2 хувиар буурсан байна.
Харин Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногт нийт 726 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн шинжтэй 102, осол, зөрчлийн шинжтэй 624 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 3 бүртгэгдсэн байна. 2012 оны 12-р сарын 30-наас 2013 оны 1-р сарын 12 өдрүүдэд зам тээврийн осолд 36 хүүхэд өртөж байсан бол 2013 оны 12-р сарын 30-наас 2014 оны 01-р сарын 12-ны өдрүүдэд 29 хүүхэд өртсөн байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмтсэн хүүхдийн тоо 19,4 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо буурч байгаа ч эцэг эхчүүд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан анхааруулж байна.