Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 12

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.05-2014.11.11/

 

БШУ-ны сайд Л.Гантөмөр: Боловсролын бодлогыг таслахгүй үргэлжлүүлэхийн төлөө зүтгэнэ

Би их сургуулийн оюутнуудаа уншдаг номтой болгож амжаагүй байна л даа. Их сургуулийн оюутнуудыг хичээл бүр дээр уншдаг номтой болгочих юмсан гэсэн бодолтой байгаа. Ном уншаад эхлэхээр манай оюутнууд өөр болно л доо. Дараагийн алхам бол шинжлэх ухааны улс болох ёстой. Тэнд бол их том ажил байгаа. Тухайлбал дэлхийн хэмжээний судалгааны төвүүдийг бид байгуулах хэрэгтэй. Төлөвлөж байгаа юм бол яг энэ шинжлэх ухаан дээр асар их байгаа. Би ажлаа хийчихсэн. Одоо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын төлөө зүтгэнэ. /Нийслэл таймс 2014.11.07 202/

Д.Тунгалаг: Хувийн сургууль чанартай гэдэг нь өдий хүртэл батлагдсангүй 

Гэхдээ дэлхий даяар хувийн сургууль улсынхаас чанартай гэдэг нь нотлогдоогүй. Манайд бүр чанарыг шалгаж тогтоох нэгдсэн тогтолцоо, ойлголт ч алга. Гэхдээ ерөнхий шалгалтын дүнгээр жишиж тогтоох нь бий. Энэ шалгалтын дүнгээр улсын болон хувийн сургуулийн чанарыг харьцуулж үзэхэд математик, англи хэл гэх мэт ганц нэг хичээлийн хувьд зөрүүтэй юм гарч байна. Энэ нь нэг талаар сайн багшийг өндөр цалингаар цохиж авдагийнх. Магадгүй бусад хичээлийн цагаас танаж тухайн сонгосон, гүнзгийрүүлсэн хичээл олон цагаар ордог байх жишээтэй. Үүн дээр үл ялиг чанарын ялгаа байгаа. Гэхдээ хувийн сургууль нийтдээ чанартай гэдэг нь өдийг хүртэл батлагдсангүй. Тийм учраас энэ тэр юмаар хөөцөлдөхийн оронд төрөөс санхүүжүүлж нийт ард түмэнд үйлчилж буй боловсролын салбар, сургалтын чанар, орчин нөхцлөө яаж сайжруулах вэ гэдэг асуудалд манай чуулган илүү анхаарал хандуулж байна. /Ардчилал 2014.11.06 207/

Чингэлтэй дүүргийн боловсролын газрын дарга Т.Ням-Очир: Цөм хөтөлбөрийг маш системтэй, бэлтгэл ажлаа сайн хангаж хийсэн

Юуны өмнө энэ хөтөлбөрийг маш системтэй, бэлтгэл ажлаа маш сайн хангаж хийсэн шинэчлэл гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр 2012-2013 оны хичээлийн жилд яам бодлогоо тодорхойлсон. Түүнийхээ дараа лаборатори сургуулиудаа сонгоод хөтөлбөрөө бүтэн жил туршсан. Ингээд 2014-2015 оны хичээлийн жилд орон даяар бүх сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол маш их зохион байгуулалт сайтай, багш нэг бүр, удирдлага нэг бүр бэлтгэлтэй байсан. Дээр нь удирдлага зохион байгуулалтын хувьд бүгд их цэгцтэй явж байгаагаараа их давуу талтай. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн эхний улирлын байдлаар маш сайн гарч байгаа. Хүнд их хүрч байгаа. Багш, эцэг эхчүүд их дэмжиж байгаа. Багш болгон хичээлээ төлөвлөдөг, бэлтгэдэг, хичээлээ сайн явуулах хүсэл эрмэлзэлтэй, зөв хандлагатай болж төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл багш ажлын найман цаг, долоо хоногийн 40 цагийг яаж үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэгт санаа сэтгэлээ зориулдаг болсон. Манай хэлтэс дүүргийнхээ 50 багшийн 50 хичээлд сууж үзсэн. Ингэхэд 50 цагийн хичээлийн 81 хувь нь маш сайн үр дүнтэй буюу яг бидний зориод байгаа агуулга, арга зүйд нийцсэн сайн хичээл боллоо гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл тэр хичээлүүд дээр хүүхдийн хичээл дэх оролцоог бүрэн хангаж чадаж байна. /Ардчилал 2014.11.07 208/

Баянхонгор аймгийн боловсролын газрын дарга Д.Байгальмаа: Эцэг эхчүүд хүүхдээсээ, багш нараас дүн нэхээд байна

Аливаа шинэ зүйл эхлэхдээ шууд дардан замаар явна гэж байхгүй. Олон жил явсан хуучин арга барилаасаа салахгүй зүйл харагдаж л байна. Ялангуяа эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөхөөр хамтарч байна. Хүүхдээсээ, багш нараас дүн л нэхээд байдаг. Хүмүүжил төлөвшил, зөв харилцааны хичээл дээр хүүхдүүд дэвтэртээ юм бичихгүй. Гэтэл ээж аав нь ирээд яагаад дэвтэр нь хоосон байна вэ, та нар юм заахгүй байна гэх мэтчилэн гомдоллодог. Эцэг, эхчүүд дэвтэр дээр хэр их юм байна, төдий чинээ юм сурч байна гэж ойлгодог хуучинсаг үзэлтэй хэвээрээ байна. Хүүхдээр хуулан бичлэг хийлгэж цээжлүүлэх биш, тэднээр өөрсдөөр нь хийлгэж мэдлэгийг нь чадвар, чадварыг нь хэрэглээ болгох явдал шүү дээ. Энэ сургалтын маань гол амин сүнс нь тэр шүү дээ. /Ардчилал 2014.11.07 208/

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов : Хүмүүс орос хэлийг сонирхохоо байсан үед “Кириллица” нээгдэж байлаа

Одоогоос 15 жилийн өмнө энэ сургууль маань үүдээ нээж байлаа. Тэр үед хүмүүс орос хэлийг сурахаасаа илүүтэй англи хэлийг сонирхож, хүмүүс хүүхдээ орос хэлний биш англи хэлний сургалттай сургуульд оруулж байлаа. Яг ийм үед орос хэлний сургалттай сургууль нээсэн нь ихээхэн эр зориг гаргасан, эрсдэл дагуулсан шийдвэр байсан юм. Гэхдээ энэ шийдвэрийг гаргаж чадсан хүмүүс алсын хараатай шийдвэр гаргаж чаджээ гэдэг нь одоо батлагдаж байна. Орос хэлийг сонирхохгүй байх явдал хэсэгхэн зуурын явдал байлаа. Монгол, Орос хоёр мөнхийн хөршүүд. Эртний уламжлалт найрамдалт харилцаатай гүрнүүд. Тиймээс орос хэлийг сонирхох, судлах байдал үргэлжид байх болно. Одоо хүмүүс эргээд орос хэлийг сонирхож судлах болсон нь үүнийг батална. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд "Кириллица" сургуулийнхан маань амаргүй замыг туулж ирсэн. Бид ч төвийнхөө зүгээс боломжоороо дэмжиж, хамтарч ажиллаж ирснийг хэлэхэд таатай байна. Сургууль маань манай төвд байрладаг учраас хүүхдүүд үргэлж суралцаж байгаа хэлнийхээ орчинд байж чаддаг. Бас манай төвөөс зохион байгуулж байгаа ажил бүрт идэвхтэй оролцож, өөрсдийгөө хөгжүүлдэг. "Кириллица" сургуулийнхан ОХУ-аас өндөр ур чадвартай, мэргэжлийн багш нар урьж ажиллуулдаг. Энэ нь хүүхдүүддээ орос хэлийг өндөр түвшинд сурах боломжийг өгсөн. Энэ сургуулийн хүүхдүүд бусад орос хэлний сургалттай сургуулийн хүүхдүүдээс оросоор илүү цэвэрхэн ярьдаг. Сургуулийн захирал Ц.Магсар багш бол мэргэжилдээ дуртай, хүүхдүүдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж чаддаг хүн. Тэр сургуулийнхаа сургалтын бодлогоо эхнээс нь тун зөв тавьж чадсан. "Кириллица" бага сургуулийг төгссөн хүүхдүүд Орос гурав, ОХУ-ын элчингийн орос сургууль, Плехановын нэрэмжит лицей сургуульд үргэлжлүүлэн сурдаг. Тэдгээр сургуулийн удирдлагууд "Кириллица" сургуулийн хүүхдүүдийг орос хэл, монгол хэлний түвшин, ерөнхий эрдмийн чадвар өндөр байгааг нь онцолдог юм. /Өдрийн сонин 2014.11.10 269/

"Криллица- сургуулийн Багш О.Белокопытова : Бид хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлэх төл дээр анхаарч ажилладаг

 Миний баримталдаг арга зүйн өөр нэг чиглэл бол математик болон логик сэтгэлгээг хөгжүүлэх, үүний тулд үндсэн хөтөлбөрөөс гадна хүүхдийн сонир­хол татсан нэмэлт мате­риал ашиглах, шинэ соргог сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагын сан бүрдүүлэх талд байнга эрэл хайгуул хийж байдаг. Үүнээс заримыг нь нийтийн хүртээл болгох, бусад багш нартай туршлагаа хуваалцахын тулд сургуулийн хэмжээний нэгдсэн сан бүрдүүлэх талаар тодорхой ажлууд хийж байгаа. Би болоод манай сургуулийн багш нар орос хэлийг гадаад хүнд заах арга зүйн чиглэлээр курс семинарт сууж, зайны болон янз бүрийн төсөл сургалтанд хамрагдаж ирсэн. Ингэсний үр дүнд бид сургалтын технологийн шинэлэг элементээр арга зүйгээ баяжуулж, өөрийн гэсэн дидактикийн чиг­лэлтэй болсон. Жишээ нь, сурагчид шийдэх асууд­лаа өөрсдөө дэвшүүлэх, түүндээ цогц шинжилгээ (комплексный анализ) хийх, бие даан хамтарч асуудал шийдвэрлэх, хамтарч эрэл хайгуул хийх, эрэгцүүлж бодох, харьцуулах, эцэст нь дүгнэлт гаргах гэх мэт. Харин багш энэ үед юмсыг янз бүрийн шинж чанараар нь ангилах, нэгтгэх, харьцуулах, анализ, синтез хийх зэрэг сурагчдын сэтгэхүйн идэвхтэй хэлбэрүүдийг нь аль болох дэмжиж өгнө. Үр дүнд нь сурагчид сургалтын агуулгыг ухамсар­лан ойлгож авна Үүнд логик сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн стандарт бус бодлого, дасгал ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиглэлээр бид 2005 оноос эхлэн сургалтын идэвхтэй үйлийн аргаар хичээллэж, үүндээ Оросын томоо­хон эрдэмтэд, сурган хүмүү­жүүлэгчид, сэтгэл­зүйчдийн хөгжүүлэх үзэл баримтлал бүхий нийлэгжсэн технологийн элементүүдийг аль болох өргөн хэрэглэж ирсэн, үр дүнд нь сурагчдын танин мэдэхүйн сонирхол нэмэгдэж, олон хувилбарт сэтгэлгээ болон харил­цаа­ны эерэг шинж чана­рууд идэвхжсэн хандлага ажиглагддаг. Жишээ нь миний даасан ангийн олон сурагч хот, улс, олон улсын конкурс, олим­пиад, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож тэргүүн болон шагналт байруудад шалгарч ирсэн. Түрүүч нь төгсөөд гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиудад амжилттай сурч байна. Энэ дашрамд "Кириллица" сургуулийн төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэе. /Өдрийн сонин 2014.11.10 269/

Сэтгүүлч: Багш нар салбарын сайдаа үлдээхийг хүсч байна

Ерөнхий сайд ажлаа өгснөөр Засгийн газар огцроод байгаа билээ. Тийм учраас тэдний өргөх бичгийн агуулга өөрчлөгдөж, БШУ-ны сайд Л.Гантөмөрийг одоогийн албан тушаалд нь үлдээж өгөөч гэсэн агуулга бүхий өргөх бичиг барихаар өчигдөр буюу чуулганы өдөр хэлэлцжээ. Харин энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр хүрэлцэн ирж хэлсэн үгэндээ “Багш бүрт чаддаг зүйл бий. Түүнийг нь захирлууд ашиглах хэрэгтэй. Ууртай багшийн уурыг гаргах, стресстэй багшийн стрессийг гаргах дээр нийгмийн ажилтнуудыг дайчлах хэрэгтэй. Хамгийн гол нь багш нар нэг хэвэнд цутгасан юм шиг хайрцагт орж болохгүй. Өнгөрсөн хугацаанд бага боловсролын шинэчлэл хийж, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан чадварлаг багш нарт баярлалаа. Ер нь харж байхад хүүхэд ямар байх нь эцэг эхээс л хамаардаг. Тиймээс би Монголын боловсролын салбарт хүчин зүтгэхээр хатуу шийдсэн. Санасан бодсон ажлаа ч хэрэгжүүлж чадлаа” гэсэн юм. /Ардчилал 2014.11.07 208/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11841
0 эможи
keyboard_arrow_up