Нийслэлийн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 5.6 тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлд энэ онд зургаан чиглэлээр хот тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь тохижилт, ногоон байгууламжийн ажил юм. Энэ жил 85 гудамж, 66 мянган ам. метр талбайд ногоон байгууламжийн арчлалт зүлэгжүүлэлт хийнэ.
Түүнчлэн энэ оноос эхлэн нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа ажил дээр дүүргүүд хяналт тавихаар болсон байна. Ногоон байгууламж цэцгэн мандлыг арчлах, хамгаалах асуудлыг дүүргүүд хариуцах бөгөөд хаана байгуулах талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанд саналаа өгч эхэлжээ. Тодруулбал энэ жил Сонгинохайрхан дүүрэгт 250 сая, Чингэлтэй дүүрэгт 330 сая, Хан-Уул дүүрэгт 380 сая, Найлайх дүүрэгт 50 сая, Багануур дүүрэгт 50 сая, Баянгол дүүрэгт 460 сая, Сүхбаатар дүүрэгт 990 сая, Баянзүрх дүүрэгт 430 сая, Багахангай дүүрэгт 20 сая төгрөг буюу 5.6 тэрбум төгрөгийн цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийх юм байна.
Тохижилтын ажил хийж дууссаны дараа инженерийн шугам сүлжээг засварлах,шинэчлэх зэргээр буцаагаад хийсэн ажлыг сүйтгэх байдал гарсаар байгаа. Тиймээс цаашид энэ байдлыг бүрэн зогсоохын тулд Захирагчийн ажлын алба инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар болжээ.