Туулын хурдны зам ашиглалтад орвол нийслэлчүүдийн шатахууны зардал гурав дахин багасна

2014 оны 11 сарын 04

-Танай компани Туул голын хойд хэсгээр тавиг­дах хурдны замын зураг төслийн ажлыг хийж гүйцэт­гэсэн. Яг хаанаас хаана хүртэл тавигдах билээ?
-"Туулын хурдны зам" төслийн хувьд Улаанбаатарын зүүнээс баруун чиглэлд буюу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд талаар явах юм. Нийтдээ 36 километр. Хурдны замын нэг онцлог нь техникийн шийдлээрээ хамгийн хүндэд тооцогддог. Япон гэхэд анхны хурдны замын зураг төслөө хийхдээ германчуудаас техникийн тусламж авч байсан. Хэрэгжүүлэх явцдаа өөрсдөө асар сайн суралцсан, судалсан. Тийм ч учраас Японд анхны хурдны замын төсөл хэрэгжиж эхлэхэд л япон мэргэжилтнүүд өөр орнуудад хурдны замын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Энэ талаас нь харахаар хэлэхгүй орхиж болохгүй нэг өнцөг бий л дээ. Монголд анхны хурдны замын зураг төслийг хийхэд монгол компани шалгараад амжилттай гүйцэтгэнэ гэдэг бол бидний мэргэжлийн түвшний илэрхийлэл гэж боддог. Хурдны замын энгийн замаас ялгаатай нэг зүйл нь уулзварууд нь хоёр түвшинд явах юм.

-Хоёр түвшинд гэдгээ тодруулаач?
-Гүүрэн замаар дээшээ, доошоо явна гэсэн үг. Нэг түвшинд орчихоор гэрэл дохио таарах зэргээс эхлээд зогсч цаг алддаг. Харин хурдны замын хувьд тийм юм байхгүй. Туулын хурдны зам руу орлоо гэхэд ямар ч саадгүйгээр давхиж хотын нэг захаас нөгөө захад хүрэх боломжтой.



-Хурдны замын нэг том давуу тал нь нийслэлийн замын түгжрээг бууруулах гэж ярьдаг. Туулын хурдны зам баригдсанаар нийслэлийн замын түгжрээг төчнөөн хувиар бууруулна энэ тэр гэсэн бодитой судалгаа бий юу?
-Бидний хийсэн судалгаагаар автомашинууд Улаанбаатарын зам дээр 4.2 км/цаг хурдлах боломжтой гэсэн тооцоо гарсан. Явган хүн цагт дунджаар таван км/цаг алхдаг. Тэгэхээр хотын ачаалалтай замаар явж байгаа машин явган хүнээс удаан явдаг болж таарч байна. Ер нь ганц Улаанбаатарт ч биш хот суурин газрын замын бодит хурд 30км/цаг орчим гэсэн судалгаа бий. Түгжрэлгүй хэсэгт 80 км/цаг гишгэж хурдалсан байлаа ч үндсэндээ A цэгээс B цэг рүү очиход цагт 30 км хурдтай явах л боломж бий гэсэн үг. Хурдны зам барьснаар Улаанбаатар хотын нэг хязгаараас нөгөө рүү нь хүрэхэд цагт 100 км хурдлах боломжтой болох юм. 100 км/цаг бол бидний тооцоолж байгаагаар жирийн хурд. Үүнээс ч нэмэх бололцоотой. Гэхдээ өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлгөөний дүрмээр бол 100 км-ээс илүү гарч болохгүй. Ийм хурдтайгаар зүүнээс баруун чиг рүү явахад ердөө л хориод минут зарцуулна. Замын түгжрээг яг төчнөөн хувиар буулгана гэсэн нарийн тоо хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэг тооцоо бий. Улаанбаатар хот 400 хүрэхгүй км замын сүлжээтэй. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын замын сүлжээг гучаад хувиар өргөтгөсний хэмжээний үр дүн гарна гэсэн тооцоо байдаг. Тэр хэмжээний өчнөөн км замыг гучхан км зам бариад шийдчихнэ гэсэн үг. Түгжрэлээс гарах олон арга бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь хурдны зам.

-Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл мэдэгдэхүйц буурна гэж ойлголоо?
-Улаанбаатар хот зүүнээс баруун тийшээгээ сунаад тогтчихсон учраас зүүнээс баруун чиг рүү хамгийн их хөдөлгөөнтэй байдаг. Одоогоор Энх тайвны гудамж, Нарны зам, Зуун айлын зам гэсэн гурван чиглэлийн зам зүүнээс баруун чиг рүү нэвтрүүлж байгаа. Туулын хурдны замыг барьсны дараа энэ гурван чиглэлийн хөдөлгөөн эрс буурах бололцоотой. Хурдны замын үр ашгийг сайн байлгахын тулд хөндлөнгөөр нь холболтууд хийх ёстой л доо. Хойноосоо урагшаа холболт хийгдэх учиртай. Жишээ нь Сэлбийн хурдны замыг дагаад урагшаа холбоно гэж яригдаж байгаа.

-Баянзүрхийн товчоо­ноос 22-ын товчоо хүртэл Туулын хойд талаар энэ замыг тавина гэсэн төсөөлөл хүмүүст бий. Маршрутыг нь нарийн хэлж өгөөч, таны түрүүний хэлсэн гүүрэн замаар бусад замтай огтлолцох хэсэг нь яг хаагуур байх вэ?
-Маршрутын хувьд 22-ын товчооны Дархан, баруун аймгууд руу явдаг дугуйрсан хэсгээс Хөлийн голын цаахна буюу Баянзүрхийн товчооны цаад талд Налайхын замтай холбогдож байгаа хэсэг хүртэл явна. Баянзүрхийн товчооноос наашлаад Маршалын гүүрний дээгүүр гарах юм. Ажилчны гудамж буюу Барилгын эрдэм шинжилгээний институтийн хажуугийн замыг урагшаа Зайсангийн замтай холбосон уулзвар гарна. Мөн Сонсголонгийн зам дээр хоёр түвшний байр байраа сольдог уулзвар гарах юм. Гурвалжингийн гүүр рүү явдаг зам бас ийм уулзвартай байна.

-Энэ хурдны зам баригдсанаар эдийн засаг талаасаа ямар үр өгөөжтэй вэ, хийсэн тооцоо судалгаа бий юу?
-Ер нь банк, санхүүгийн байгууллагууд арваас дээш хувийн ашигтай төсөлд мөнгө өгөх бололцоотой гэж үздэг. Найман хувийн ашигтай бол ашигтай гэсэн тоо ч яригддаг. Энэ бол олон улсын жишиг. Туулын хурдны зам төслийн хувьд эдийн засгийн үр ашиг нь 23 хувь гэж гарсан. Яах аргагүй ашигтай төсөл гэсэн үг. Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийн төсөөлөл гэсэн судалгаа хийсэн. Энэ төсөөллөөр бол тээврийн нэгж өртөг гурав дахин хямдарч байгаа. Тээврийн нэгж өртөг гэдэгт цаг хугацаа, машины шатахуун болон элэгдэл хорогдлын зардал, хугацаанаас үүдээд тухайн хүний үйл ажиллагаа явуулах зардал гэсэн гурван зүйл багтдаг юм. Мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөө талаас нь харвал үр өгөөж нь өндөр. Наад зах нь агаарын бохирдлоос илүү аюултай гэгддэг хотын тоосжилт эрс багасна.

-Төслийн хэрэгжилт ямархуу байгаа бол?
-Захиалагчийн ярьж байгаагаар санхүүжилтийн хувьд шийдэх боломж байгаа юм билээ. Гүйцэтгэгчээр нь урьдчилсан байдлаар дөрөв таван компани сонгогдчихсон. Богино жагсаалт нь гарчихсан гэсэн үг. Жагсаалтад байгаа компаниудын дунд тендер зарласан гэж сонссон.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11394
0 эможи
keyboard_arrow_up