Дүүргүүд ногоон байгууламж, цэцгэн мандлынхаа арчлалт, хамгаалалтыг хариуцана
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт Налайх дүүрэгт боллоо. Уулзалтаар 2014 онд нийслэлд хийх хот тохижилт, ногоон байгууламжийн талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нийслэлд энэ онд 6 чиглэлээр хот тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-нээс эхлэн тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн.
Ер нь дүүргүүд тухайн нутаг дэвсгэртээ тохижилтын ажил хийхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж байх шаардлагатай байна. Мөн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, хувшийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хотоо, гудамжаа тохижуулах ажлыг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Мөн тохижилтын ажил хийж дууссаны дараа инженерийн шугам сүлжээг засварлах,шинэчлэх зэргээр буцаагаад хийсэн ажлыг сүйтгэх байдал гарсаар байгаа. Тиймээс цаашид энэ байдлыг бүрэн зогсоохын тулд Захирагчийн ажлын алба инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар хамтран ажиллаж эхэлсэн. Дүүргүүд ч гэсэн энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна гэлээ.
Дүүргүүд ногоон байгууламж, цэцгэн мандлыг хаана байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд саналаа өгсөн байна. Ногоон байгууламж цэцгэн мандлыг арчлах, хамгаалах асуудлыг дүүргүүд өөрсдөө хариуцах юм. Энэ жилийн хувьд нийслэлд улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар төлөвлөж байгаа юм байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Дүүрэг бүр ногоон байгууламж, тохижилтын ажлыг хариуцсан орлогчтой болсон. Тиймээс нийслэлийн тохижилт үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Цаашид нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа ажил дээр дүүргүүд хяналт тавин ажиллах хэрэгтэй” гэв.
Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт 250 сая, Чингэлтэй дүүрэгт 330 сая, Хан-Уул дүүрэгт 380 сая, Найлайх дүүрэгт 50 сая, Багануур дүүрэгт 50 сая, Баянгол дүүрэгт 460 сая, Сүхбаатар дүүрэгт 990 сая, Баянзүрх дүүрэгт 430 сая, Багахангай дүүрэгт 20 сая төгрөгөөр цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийх юм. Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын дараагийн уулзалтыг Багахангай дүүрэгт хийхээр боллоо