Улаанбаатарт 19 хэм дулаан байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх болон адаг, Алтай нурууны Түргэн, Буянт, Турган, зэрэг
голууд 40-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-10 см нимгэрсэн байна.Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос зөвлөж байна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, баруун зүгийн нутгаар 11-16 градус, говь, зүүн зүгийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна.18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 4 дүгээр сарын 08-наас 2014 оны 4 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 8-нд зарим газраар, 9-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.