“Амьдрахад бэрх” нэг жил айсуй

2014 оны 10 сарын 29

Бид энэ жил улстөрч­дөө­сөө эхлээд жирийн ир­гэдээ хүртэл “Эдийн за­саг хүндэрч байна” гэж яри­лаа. Эрх баригчид “Иргэд тай­ван байх нь надад илүү ашиг­тай” гэж боддог болохоор бүх зүйл тайван амгалан байгаа мэ­­тээр ойлгуулахыг үргэлж оролд­дог бол сөрөг хүчин бай­дал улам муудаж байгаа гэ­сэн мэдээллийг түгээх нь эл­бэг. Иргэд алинд нь итгэхээ мэ­дэхгүй будилдаг.

Ардчилсан нам өнгөрсөн жил “Та нараас улай­сан данс”-тай засаг хүлээж ав­сан” хэмээн сөрөг хүчин рүү дайрч давшилах нь холгүй пээд­гэр суудаг байсан бол энэ жил “Чингис”, “Самуурай” бон­­дын хөрөнгийг захиран зар­­цуулсан, тодорхой үр дүн ха­­раг­дахгүй байгаа учраас ар­га­гүй л хэлэх үггүй болж, га­даад нөхцөл байдал руу ан­хаа­рал хандуулахыг хичээх бо­лов. Эдийн засгийн хямрал эн­гийн иргэн Дорж, Дондогийн ха­лаа­сыг хамгийн түрүүнд тэм­тэрдэг болохоор иргэд хамгийн хүн­дийг нуруундаа үүрч, амьд­рал нь доройтсоор. Гэвч ха­рам­салтай нь, эрх баригчид ил ярихгүй л байгаа болохоос, ирэх жил энэ жилээс ч илүү хүнд байх нь тодорхой болоод бай­на. Яагаад гэвэл улстөрчид биш, эдийн засагчид л жинхэнэ үнэн мэдээллийг өгч чаддаг юм.

Тэдний ярьж байгаагаас үз­вэл, ирэх он Монгол Улсын хувьд “Бүсээ чангалах” жил бол­но. Татвар нэмэхээс өөрөөр ор­логоо яаж өсгөх талаар тол­гойгоо сайн ажиллуулахгүй бол 2016 оноос бондын өр тө­лөөд эхлэхээр бүсээ бүр ч чан­га­лах хэрэг гарах гэнэ. 2015 оны төсвийн төсөлд бүтээн бай­гуулалтын ажил бараг хийг­дэхгүй байхаар тусгасан байгаа гэнэ. Концессын гэрээгээр ком­­паниуд орж ирдэггүй л юм бол ажил хийгдэхээгүй болсон бай­на.  

Хоёр бондын мөнгөнөөс хоёр тэрбум ам.доллар “атгасан” юм чинь энэ жил Монголд ам.дол­ларын ханш унаж, төгрөгийн ханш чангарна гэж бид бүгд хү­лээж байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ, гадаад валютын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш шалдаа буулаа. Валютын ханш тэнгэрт хадахаар до­тоодын үйлдвэрлэл сэргэдэг жам­тай. Тиймээс хамаг идэш уушаа гаднаас авдаг байдлыг арил­гая хэмээн Чингис бондын хөрөнгөнөөс газар тариалан, мал аж ахуйн салбарт зэгсэн их хөрөнгө хуваарилсан. Ин­гэс­нээр гаднаас авч идэх нь багасах ёстой байлаа. Үр дүнг нь шалгах эхний чухал ба­римт нь хоёр долоо хоногийн өм­нө хэвлэгдсэн Үндэсний статис­тикийн газраас гаргадаг улс орны нийгэм эдийн засгийн байд­лын тайлан /эхний есөн сарын байдлаар/ байсан юм.  
 
“Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгддэг” гэж үг бий. Тай­лангаас Монгол Улсын га­даад худалдааны алдагдал үлэмж хэмжээгээр буурсан үзүү­лэлт гарсныг харлаа.

Монгол Улс энэ оны эхний есөн сард 129 оронтой 8068.1 сая ам.долларын худалдаа хийжээ. 4021.8 сая ам.долларын экспорт хийж, 4046.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортол­сон байна. Ингэснээр гадаад ху­далдааны тэнцэл 24.4 сая ам.долларын алдагдалтай гарч, ба­раг л тэнцлээ. Ам.долларын хан­шийн өсөлт Монгол Ул­сын түүхэнд анх удаа гадаад ху­далдаа баланслахад нөлөөлсөн байна. Манай үе, үеийн төрийн бодлого гадаад худалдааны алдагдлыг бууруулах, улмаар ашиг­тай ажиллахад чиглэдэг байсан. Тэгвэл 2014 онд энэ зорилгодоо хүрдэг юм байна. “Хямралд ч ашигтай тал байдаг” гэдэг энэ хэмээн олзуурхав.

Гэхдээ нийтэд нь харахад ийм байгаа болохоос задлаад үзвэл, бас ч хүлээж байсан шиг өндөр үр дүн гараагүй болох нь анзаарагдана. Ам.долларын ханш чангарч эхлэхэд, импорт хумигдаж, импортыг орлох үйлдвэрлэл тэр хэмжээгээр нэ­мэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч олигтой нэмэгдсэнгүй. Экспор­тын 924 сая ам.долларын өсөл­тийг зэсийн баяжмалын экспорт дан­гаараа “дааж”, импорт 779.2 сая ам.доллараар буурсны 669.5 сая ам.долларыг тээврийн болон цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөөс бод­логоор дэмжиж, их хөрөнгө хүч хаяж байгаа жижиг дунд үйлд­вэрлэл экспортын өсөлтөд хувь нэмрээ оруулсангүй.

Ам.дол­ларын ханшийн өсөлтийн нө­лөөгөөр импортын хүнсний ба­раа хумигдаж, экспорт өснө гэж хүлээж байсан ч үзүүлэлт “алаг цоог” гарлаа. Амьд мал, амь­тад, мал амьтдын гаралтай бүтээг­дэхүүний экспорт өн­гөрсөн жил 10.6 сая ам.доллар байс­наа 6.7 сая ам.доллар болон буурч /эхний долоон сарын байдлаар/, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 5.5-11.4 сая, мал амьтны гаралтай тос өөхний экс­порт 4.4-7.1 сая ам.доллар болж өнгөрсөн жилийнхээс ба­раг хоёр дахин нэмэгджээ. Амьд мал экспортлох нь сайн хэрэг биш учир экспорт буур­сан нь сайн хэрэг гээд бодохоор бүх зүйл сайн сайхан байгаа мэт. Гэвч ижил төрлийн бү­тээг­дэхүүний импорттой харь­­ц­уулаад үзэхээр үнэхээр гу­­тар­маар. Хүнсний бэлэн бү­тээг­­дэхүүний импорт л 221 сая ам.дол­лараас 211 сая ам.доллар болж буурсан, бусад дээр нь дан­даа өсөлттэй.

Малын гаралтай хүнсний бү­тээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариаланг дэмжихэд “Чингис” бондын мөнгөнөөс багагүй хэс­гийг зарцуулсан ч цөцгийн тос, хүнсний ногооны импорт өссөн байна. Улаанбуудайн гу­ри­лын импорт багассан нь л энэ салбарт дуулдсан ганц таа­тай мэдээ байлаа. Он дуусах бо­лоо­гүй болохоор мэдээж, энэ тоо цаашид өөрчлөгдөнө. Гэ­лээ ч тэгтлээ өөрчлөгдөхгүй л бо­лов уу.

Бондын хөрөнгө оруулалт үр ашиг­тай байсан эсэх асуултад хариу­лах одоогоор эрт, цаа­шид тодорхой салбаруудад үн­дэс­ний үйлдвэрлэл сэргэх ч байж мэднэ. Гэхдээ л “Чингис” бон­дыг өрийг төлөх хэмжээний ашиг­тай байж чадахгүй нь ойл­гомжтой. УИХ Засгийн газрын асуу­далтай зууралдаад, төсвийн талаар ярихыг төдийлөн хү­сэхгүй байх шиг байдал ан­заарагдах боллоо. Цалин тэт­гэврийг нэмэхэд 300 тэрбум төг­рөг нэмж төсөвлөсөн” гэх мэт иргэдэд арай зөөлөн хүрч очих мэдээг л гадагшлуулж, үнэн хэрэгтээ төсвөө “зад танаж” байна. Төсвөөс нь 277 тэр­бум төгрөг танасан төсөл хэ­лэлцэгдэх гэж байгаа талаар нийс­лэлийн удирдлагууд мэдэг­дэл хийж, маш их бухимдаж буй.

Энэ мөнгө байхгүй бол гу­дамж хогондоо дарагдаж, гэрэл­түү­лэггүй, харанхуйд умбаж, аймш­гийн хот болж хувирах нөх­цөл байдал бодитоор бүр­дээд байгаа юм. Дээр нь аж ахуйн нэгж, ирггэдээс дөрвөн төр­лийн татвар нэмж авахаар тус­гасан байгаа гэх мэдээлэл бий. Энэ дөрвөн төрлийн тат­вараараа 300 тэрбум төгрөг төв­лөрүүлнэ гэж төлөвлөхөд л цалингийн нэмэгдэл бодит биш болж хувирна гэдэг хэнд ч ойлгомжтой. Товчхондоо, Мон­голчууд бид урьд өмнө бай­гаагүй жинхэнэ соорилтын өмнө тулж ирээд байна. Бид бус­дад өртэй, түүнийгээ төлөх нь үнэн. Чингис бонд, зээл тус­ламж бидний амьдралыг сайж­руулсангүй, харин ч олон жилийн зовлонгийн эх бол­чихсон байх вий. Хоёр хөр­шийн удирдагчдын айлчла­лаар яригд­­сан саналуудыг шүүрэн авч ажил хэрэг болгохоос өөрөөр, эдийн засаг сайжрах найд­лага үнэндээ алга. Дахиад л амьд­рахад нэг жил айсуй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10964
0 эможи
keyboard_arrow_up