Үйлчилгээний хурдыг 50-90 хувиар нэмэгдүүлэхээ амлалаа
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулагддаг “4-11” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр болж уулзалтаар Ардчилсан намаас “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо.
АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж Улаанбаатар хотод “Smart city” буюу “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, ухаалаг иргэд, ухаалаг үйлчилгээ, ухаалаг орчин, ухаалаг амьдрал зэрэг нь “Ухаалаг хот”-ыг бий болгох үндэс суурь болох бөгөөд эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.