Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд шалгалт хийжээ

2014 оны 10 сарын 24

2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу холбогдох хууль, Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын холбогдох заалтуудын хэрэгжилтийг шалгажээ.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд нийт 77 үйлдвэр, цех хамрагдахаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 11 үйлдвэр, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 42 үйлдвэр, цехийн нийт 53 объект хамрагдаж, 24 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон, чиглэлээ өөрчилсөн зэрэг шалтгааны улмаас хамрагдаагүй байна. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 20.8 хувь нь нийслэлд, 79.2 хувь нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байжээ.

Шалгалтаар 21 үйлдвэр, цех эрсдэл багатай,  29 үйлдвэр, цех дунд, 3  цех их эрсдэлтэй дүгнэгдлээ. 2012 онд 29 үйлдвэр, цехийн 27.6 хувь нь их, 62.1 хувь нь дунд, 10.3 хувь нь бага эрсдэлтэй, 2013 онд 29 үйлдвэр, цехийн 3.5 хувь нь их, 44.8 хувь нь дунд, 51.7 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн бол 2014 онд 53 аж ахуйн нэгжээс 5.7 хувь нь их, 54.7 хувь нь дунд, 39.6 хувь нь бага эрсдэлтэй шалгагдсан байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдийн 64,2 хувь нь түүхий сүүг мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж баталгаажуулсан гарал үүслийн бичигтэй хүлээн авч, бүртгэл хөтөлдөг, 68 хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг савлах зориулалттай сав баглаа боодол хэрэглэдэг, дагалдах бичиг баримттай, 75,5 хувь нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрд батлагдсан технологийн заавартай, эрсдэл үүсэх горимуудыг тусгасан, 68 хувь нь нэмэлт болон туслах түүхий эдийн дагалдах бичиг баримттай, 85 хувь нь эцсийн бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулдаг, сорилтын дүнг хадгалдаг, бүртгэлтэй байна.

Шалгалтын явцад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав суулга, ажиллагсдын гар, ажлын хувцас зэргээс нийт 198 арчдас авч шинжлүүлэхэд 82,5 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан, зайрмаг, тарагны уут, зайрмагны модон иш, нэг удаагийн аяганаас авсан шинжилгээнд эмгэгтөрөгч нян илрээгүй “Хүнсний сав баглаа боодол, Техникийн шаардлага. MNS5547:2005 стандартын шаардлага хангасан дүнтэй гарсан байна.

Шалгалтын явцад хяналтын хуудасны үнэлгээгээр их буюу дунд эрсдэлтэй дүгнэгдэж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон, албан шаардлага өгсөн 32 үйлдвэр, цехээс Ховд аймгийн “Нарийн хамар нөхөрлөл” зайрмагны цех үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох хүсэлтэй байгаа, Баянгол дүүргийн “Сүүн сондор” ХХК, “Итали зайрмаг” ХХК, “ГУМ” ХХК, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Аюушжав, Хан-Уул дүүргийн “Тайширын хүлэг” ХХК, иргэн Ц.Түмэндэмбэрэлийн үйлдвэрүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд үүрэг даалгаварын биелэлт 71,4-85,0 хувьтай байна. Хяналтын хуудсаар үнэлэхэд 2 үйлдвэрийн эрсдэл нь буурч дунд  эрсдэлтэй ангилалд орсон. “Хөвчийн гэгээ” ХХК-д 8 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгсөн боловч барилгын засварын ажил хийх санхүүгийн боломжоос шалтгаалан хугацаандаа гүйцэтгэж чадахгүй болсон тухай албан бичиг ирүүлсэн байна.

Хяналт шалгалтаар:

1. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 58,5 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй буюу өргөтгөж шинэчлээгүй;

2. Үйлдвэрүүдийн 30,2 хувь нь бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй нөхцлийг бүрдүүлж, хүнсний зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр хангагдаагүй;

3. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 67,9 хувь нь халуун ба хүйтэн бүсийг ялган  заагласан тэмдэглэгээгүй, 47,2 хувь нь гэрлийн бүрхүүлгүй, 56,6% нь хана шал болон хана таазны хоорондын өнцгийг цэвэрлэхэд хялбар байхаар хийгээгүй, цонхны тавцан нь налуу биш, шал нь гулгадаггүй материалаар хийгдээгүй;

4. Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийн 69,8 хувь нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй;

5. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 66,0 хувь нь бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх /арчдас/ шинжилгээ хийж, бүртгэл хөтөлдөггүй, 35,8 хувь нь ажиллагсдаа халдварт  өвчнөөр  өвчилсөн, эсхүл, ийм  өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй, 71,7 хувь нь ажиллагсаддаа ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулж, бүртгэл хөтөлдөггүй;

6. Үйлдвэрүүдийн 81,1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 58,5 хувь нь зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг устгах буюу дахин боловсруулах журамгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс тусад нь хаягжуулж хадгалдаггүй;

7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн 20,8 хувь нь бэлэн бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг бүрэн тусгаагүй, 86,6 хувь нь дотоод хяналтын журам боловсруулж, мөрдөж ажилладаггүй зөрчил илэрчээ.

Шалгалтанд хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 272 зөрчил илрүүлснээс газар дээр нь 139 буюу 51,1 хувийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 185 заалт бүхий 20 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж хэрэгжилт 63,3 хувьтай байна.

Сүхбаатар аймгийн Цагаанууд алаг ХХК-ийн “Арвин шим”, Нийслэлийн “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон ба үүрэг даалгаврыг биелүүлж эрсдлээ бууруулсан “Сүүн сондор” ХХК, “Тайширын хүлэг” ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээсэн байна.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 37 нэр төрлийн 142 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд 17,5 хувьд нянгийн бохирдолтой, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажилтны гар зэрэг бэлэн бүтээгдэхүүн хүрэлцэх гадаргуугаас эрүүл зүйн нян судлалын 198 арчдас авч шинжлүүлэхэд 17,5 хувь эерэг үзүүлэлттэй, шаардлага хангахгүй гарч, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.  Холбогдох хуулийн заалтыг зөрчсөн зөрчил болон лабораторийн шинжилгээний эерэг сорьцын дүнг үндэслэн 8 аж ахуйн нэгж, албан тушаалтанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 1926,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.

Шинээр батлагдсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, шинэчлэн батлагдсан “Хүнсний тухай” хууль, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас, Зайрмагны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудасны талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. 

Дүгнэлт:

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд хийсэн хяналт шалгалтаар Хүнсний тухай хуулийн хэрэгжилт 72,3%, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт 68,1хувь, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын холбогдох заалтуудын хэрэгжилт 76,0 хувь, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах 1.3 кодтой хяналтын хуудасны 7 бүлэг 92 үзүүлэлтийн хэрэгжилт 73,1 хувь  Зайрмагны үйлдвэрлэлийг шалгах 1.9 кодтой хяналтын хуудасны 7 бүлэг 77 үзүүлэлтийн хэрэгжилт 66,6 хувь үнэлэгдсэн байна. Өнгөрсөн онд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудыг сурталчлах ажлыг улсын хэмжээнд бүсчлэн явуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд чиглэл тус бүрээр нь төрөлжүүлсэн сургалт зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, гарын авлага зөвлөмжөөр ханган ажилласны үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд тавих хяналт сайжирч байгаа төдийгүй Хүнсний тухай хуулийн хэрэгжилт 10,8 хувиар, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт 7,1хувиар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын холбогдох заалтуудын хэрэгжилт 13,5 хувиар, хяналтын хуудасны үзүүлэлтүүдийн хэрэгжилт дунджаар 8%-иар тус тус дээшилсэн байна.

Үйлдвэрүүдийн 81,1 хувь нь хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, 69,8% нь сүүнд бичил биетний тоог тодорхойлох тоног төхөөрөмж багаж хэрэгсэлгүй, 58,5 хувь нь зах зээлээс буцаан болон эргүүлэн татан авсан бүтээгдэхүүнийг устгах тухай журам байхгүй, ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг бусад бүтээгдэхүүнүүдээс тусад нь хаягжуулж хадгалахгүй байгаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй сүү сүүн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх эрсдэлтэй байна.

Шалгалтаар дунд эрсдэлтэй дүгнэгдсэн аж ахуйн нэгжүүдийн эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулах болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар бага эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх нь хяналт шалгалтын давтамжийг цөөрүүлэх, улмаар бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа тул зөвлөн туслах үйлчилгээ, сургалтуудыг эрсдэл дунд болон их үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглүүлэн явуулах нь зүйтэй байна гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10752
0 эможи
keyboard_arrow_up