Монголчууд өв соёл, түүхэн олдворуудаа хамгаалж байна

2014 оны 10 сарын 23

Ойрын өдрүүдэд нүд чилтэл, чих дөжиртөл улс төр яригдаж байна. Улс төр ороо бусгаа, эдийн засгийн амьдрал хямарч цөхөрсөн өнөө үед бидэнд сайн мэдээнээсээ илүү саар нь түрүүлж чихэнд хүрээд байсан. Харин өчигдөр чихэнд чимэгтэй, сэтгэлд өег зүйлс сонсогдох боллоо.

Манай улс хэдийнээс бурхны шашинг хүндэлж, дээдэлж ирсэн. Нэг үедээ шашин төрийг хослуулсан Монгол Улс ч байсан. Тэгвэл бурхны шашны Өндөр гэгээн Занабазарын амьдралынхаа 30 жилийг зориулж өнгөрөөсөн, ховор түүхэн олдворууд, соёлын гайхамшигт бүтээлүүд олдсон бахархууштай зүйл тохиолдлоо.

Хэнтий ханы өвөрт орших ард олны нэрлэдгээр "Сарьдаг"-ийн хийдийн тууринаас урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхад, хэдэн метрээр хэмжигдэх том бурхны хийц хэсгүүд,иж бүрэн зэвсэгтэй хуяг дуулга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл олдворуудыг манай залуу шинжээчид илрүүлсэн юм. Энэ бол шинэ үеийн залуус өөрийн мэргэжлийн ур чадвараа харуулан, мэргэжлийнхээ сайн сайхныг харан суух завшаантай, жаргалтай үе юм.

Энэ үйл явдалтай давхцаж Монголын говь цөлөөс хууль бусаар тээвэрлэгдэж харь нутагт алдагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг эргүүлэн авч чадлаа.2012 онд АНУ-д Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан.

Их гүрнээс үл хамааран өөрийн үнэт олдвороо авч чадсан нь Монгол хүн бүрийн баярт үйл явдал байсан. Харин түүнийг ирснээс хойш хууль бусаар 22 үлэг гүрвэлийн олдвор алдагдсан байсныг мэдэж хөөцөлдсөний эцэст өчигдөр монголчууд хүлээж авлаа. Хоёр сар гаруй тээвэрлэгдэн ирсэн үлэг гүрвэлүүд ирэх долоо хоногоос эх орныхоо иргэдтэй Үлэг гүрвэлийн музейд учран золгох аж.

Нийгмийн бухимдлаас сайн сайхан зүйл дарагдаж хоцролгүй, ийнхүү дуулдаж байгаа нь баярлууштай. Сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10652
0 эможи
keyboard_arrow_up