“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

2014 оны 10 сарын 21

9 шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулсан баримтыг нөлөөллийн мэдүүлэг гэнэ.Өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 9 нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завджээ.
Нөлөөллийн мэдүүлгийн ач холбогдол:

    ·Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хараат бусаар ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

    ·Шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлнэ.

    ·Нөлөөлсөн иргэн, хуулийн этгээд хариуцлага хүлээнэ.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөлсөн гэж үзвэл:

    ·"Нөлөөллийн мэдүүлэг”-ийг хөтөлнө. Нөлөөллийн мэдүүлгийг хэргийн материалд хавсарган, хувийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

Нөлөөллийн мэдүүлэг ирсэн тохиолдолд:

    ·Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасны дагуу холбогдох ажиллагааг хийнэ. Нөлөөлөхийг оролдсон этгээдийн үйлдэл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөл холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлдэг журамтай.

Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага:

    ·Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

    ·Албан тушаалтныг албан тушаалаас ньчөлөөлөх буюу огцруулах, чөлөөлөөгүй буюу огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулах бөгөөд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах

    ·Улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл уг байгууллагыг албадан татан буулгах буюу татан буулгахгүйгээр гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногийн хугацаатай баривчлах шийтгэл ногдуулах

    ·Гадаадын иргэн, харьяалалгүй хүн шүүгчид нөлөөлөхийг оролдсон тохиолдолд Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасах


Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх мэдээлж байна

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь Улаанбаатар хотын төвийн дүүргүүд Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийтдээ 155,1 мянган га газар бүхий, 67 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагааг явуулж байна. Тус шүүх 2014 оны эхний 10 сарын байдлаар нийт 2104 хүнд холбогдох 1312 эрүүгийн хэргийг хүлээн авсанаас 1682 хүнд холбогдох 1115 хэргийг хянан шийдвэрлэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд 315 хүнд холбогдох 164 хэргийг буцааж, 169 хүнд холбогдох 98 хэргийн үлдэгдэлтэй байна.

Судалгаагаар: Нийт шийдвэрлэгдсэн хэргүүдээс 178 гэмт хэрэг буюу 16% нь Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, 139 гэмт хэрэг буюу 12% нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, 130 гэмт хэрэг буюу 12% нь Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, 127 гэмт хэрэг буюу 11% Танхайрах гэмт хэргүүд тус тус эзэлжээ.

Дээрх 4 төрлийн гэмт хэрэг тус шүүхээр нийт шийдвэрлэгдсэн хэргүүдийн 51%-ийг эзэлж байгаа нь бага тоо биш юм. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа иргэдийн насны хувьд 20-30 насны ажил мэргэжилгүй залуучууд ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд танхайрах гэмт хэргийн 50-аас илүү хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлджээ.

Мөн шинэ төрлийн гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 192 дугаар зүйлд заасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулсан 16 хэргийн 26 хүн ял шийтгүүллээ.


Хянан магадлан

ДЭХАШ-ны 1 дүгээр шүүх нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу 5 хорих анги хариуцаж ажилладаг ба ЭБШХ-д заасан ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай, ял эдлэх дэглэм дээшлүүлэх, бууруулах асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг. 2014 оны 3 дугаар улиралын байдлаар 449 захирамжаар 449 хорих ял эдэлж буй ялтнуудын талаарх санал дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.Хуульд зааснаар хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан 405 ялтаныг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллажээ. Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогдсон, ялтан ял эдлэхэд саад учруулахуйц хүнд өвчнөөр өвчилсөн 3 ялтаныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлжээ. 5 ялтанг хугацааны өмнө тэнсэн суллах тухай санал, дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээж, дахин ноцтой зөрчил гаргасан 9 ялтаны хорих ялын дэглэм чангарууллаа.

Хорих ялын 2/1-ээс доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдсан 30 ялтаныг ял эдэлж буй дэглэм бууруулсан байна.


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10516
0 эможи
keyboard_arrow_up