Канген усны талаар ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ
Өнөөдөр Монгол Нюьс хэвлэлийн хүрээлэнд Монголд Канген усыг нийлүүлж байгаа "Энажек Интернэшнл" компаний төлөөлөгч, тэргүүлэгч нар Канген усны талаар ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ.
Мэдэгдлийг "Энажек Интернэшнл" компанийн төлөөлөгчийн газрын тэргүүн Накамүра Акатоши, "Энажек Интернэшнл" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн захирал Шимияа Мицүхиро, "Энажек Интернэшнл" компанийн гадаад харилцаа хариуцсан албаны дарга Катагиши Такүо болон тэдний орчуулагч нар хийсэн юм. "Энажек Интернэшнл" компанийн төлөөлөгчийн газрын тэргүүн Накамүра Акатоши хэлэхдээ "Манай уг төхөөрөмж Японы Эрүүл мэнд, Халамжийн яам болон холбогдох төрийн эрх бүхий байгууллагаар хянагдаж батламжаа авсан ба уг бүтээгдэхүүн нь олон улсын ISO9001, ISO14001 чанарын стандарттайгаас гадна анагаахын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарт олгодог ISO13485 чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн. Одоогийн байдлаар нийт 120 оронд тус төхөөрөмжөө худалдаалж байгаа ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гарч байгаагүй. Монголд бидний үйлдвэрлэсэн технологийг эрүүл мэндийн төхөөрөмж ариутгадаг ус үйлдвэрлэдэг, худал ус гэсэн цуу яриаг тараасан байсан нь манай компанийн нэр хүндэд санаатайгаар халдсан хэрэг гэж бид үзэж байна. Уг төхөөрөмж маань нэмэх, хасах гэсэн хоёр ионжуулсан усыг үйлдвэрлэдэг. Хасах цэнэгтэй усыг ундны усанд хэрэглэдэг бол нэмэх цэнэгтэй усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэдэг. Харин нэмэх цэнэгтэй усны нэмэх цэнэгийг улам нэмэгдүүлвэл ариутгалын ус болдог. Энэ усаар эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг ариутган цэвэрлэдэг. Үүнийг л Монголчууд буруу ташаа ойлгож энэ мэдээллээ цааш нь түгээсэн бололтой." хэмээлээ. Одоогийн байдлаар Монгол улсад Канген усны 723 төхөөрөмж зарагдсан байгаа ажээ. Монголд тус төхөөрөмж ихээр нийлүүлэгдсэн нь нэг талаар сайн зүйл хэдий боловч нөгөө талаар үндэсний үйлдвэрлэлийн усны эрэлтийг багасгах сөрөг талтай байж болох юм. "Энажек Интернэшнл" компанийн хувьд 1974 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оны есөн сард Монгол улсад өөрийн салбар компаниа байгуулсан юм байна.