Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Уул суман дахь сум дундын ойн анги, тус суман дахь экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох албаны хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто зам барих ажлын хүрээнд замын трассд хамаарч буй ойн сангийн нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.
Ойн санг сөрөг нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, замын трассд өртөх ойн сангийн нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр боловсруулан албажуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулах хугацаатай албан шаардлагыг тус замын ажлыг гүйцэтгэгч “Дашин” ХХК, туслан гүйцэтгэгч “БСМ” ХХК нарт хүргүүлэв.
Тухайн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тогтоож, ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээг дахин нарийвчлан гаргаж, холбогдох шатны байгууллагад тайлагнахыг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид даалгав.
Авто замын трассд өртөх ойн санд хууль бусаар мод бэлтгэх зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж, намрын хуурайшлын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ