Цюрих хотноо болсон “FESPO” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцжээ
Дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог Олон Улсын Аялал Жуулчлалын үзэсгэлэнгүүдээс шинэ бүтээгдэхүүн, зах зээл, түншлэл, хамтын ажиллагаа, борлуулалт, орчны судалгаа, тухайн улсын онцлог зэрэг тэр бүр суусан газраасаа олоод байдаггүй мэдээллүүдийг багцлан олох боломжтой байдаг.
Шинэ оны анхны Олон Улсын томоохон үзэсгэлэн болох “FESPO” 2019 оны нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд Швейцар улсын Цюрих хотноо болж, Монгол Улс анх удаа түнш орноор өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.
Монголын талбайг зорин ирэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн тухай тус үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Штефан Амстад онцлон, талархал илэрхийлсэн байна.
Энэ удаагийн FESPO үзэсгэлэнгийн 25,000 м.кв талбайд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 орчим аж ахуйн нэгж байгууллага, улс улсын онцлог соёлоо сурталчилан таниулсан тус үзэсгэлэнгээр 65,000 гаруй хүн зочилж, 25 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түнш орон болох Монгол Улсын талаар өргөн мэдээлжээ.
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран олон улсын томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж ирсэн ба БОАЖЯ томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Монгол Улсын хувьд цаашид аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж, хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн, Ази, Номхон далайн орнуудыг зорьж байгаа жуулчдын урсгалыг татсанаар 2025 он гэхэд жуулчдын тоог 2 саяд, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан аялал жуучлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 99 дүгээр байрнаас 85 дугаар байранд хүргэх боломжтой юм.
Эх сурвалж: Монголын Аялал Жуулчлалын Холбоо
|