Генетик нөөцөө одоо л бид хамгаалж, хадгалж авч үлдэж чадвал үнэлж барахгүй их баялаг бүтээх боломж бий. Гэхдээ...
НҮБХХ-ийн төслийн тэргүүлэх зөвлөх, биологич, экологич Ж.Жаргалтай ярилцлаа.
-Генетик нөөцийн тухай асуудал сүүлийн үед их сонирхол татсан сэдэв болж байна. Генетик нөөц гэж юуг хэлдэг вэ?
-Хүмүүс бид дэлхий дээр байгаа амьтан, ургамал, мөөг бичил биетэн, экосистем, ландшаптуудаас хязгааргүй их үр шим хүртэж амьдардаг. Эдгээр амьд биетүүд хүнд тааламжтай уур амьсгал, хоол хүнс, орон байр барих материалаар хангах, амьсгалах хүчилтөрөгч бий болгохоос эхлээд сэтгэл санааны таашаал өгөх зэргээр хүний оршин амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Эдгээр амьд биет байхгүйгээр хүмүүс оршин амьдрах боломжгүй бөгөөд ийм нөхцөлийг бүрдүүлж өгч буй амьтан, ургамал, мөөг бичил биетэн, экосистем, ландшаптуудыг биологийн олон янз байдал (БОЯБ) гэж нэрлэдэг.
Энэ БОЯБ дотроос хүн төрөлхтөн бодит болон боломжит үр шим хүртэж болох генийн олон янз байдлыг, түүний шинж чанарыг ашиглаж байгаагаа л бид генетик нөөц гэж нэрлээд байгаа юм. Энгийн үгээр хэлбэл амьтан, ургамал, мөөг бичил биетэнд байгаа хүнд ашигтай генетик материал, тэдгээрээс гаралтай ашигтай бодис, биохимийн ашигтай бүрэлдэхүүн хэсгүүд, ашигтай генийг генетик нөөц гэж хэлдэг.
-Генетик нөөц гэдэг нь ямар ач холбогдолтой нөөц вэ. Генетик нөөцийг юунд ашигладаг вэ?
-Ач холбогдлыг нь тийм ийм гэж жишиж зүйрлэшгүй. Энэ бол зүйрлэшгүй чухал ач холбогдолтой нөөц. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн генетик нөөцөөр юу хийж ирсэн юм бэ гэвэл хоол хүнс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнийг генетик нөөцөөс гаргаж авсан байна.Тухайлбал, Дэлхийн хүнс эмийн захиргаанаас баталгаажуулсан эмийн 60 хувь генетик нөөцөөс гаралтай байна.
Мөн генетик нөөцөөс шинэ энзем, ашигтай ген илрүүлж шинэ бүтээгдэхүүн гарган авахад ашигладаг. Энэ утгаараа генетик нөөц бол ШУ-ны шинэ бүтээл нээлт хийх эх ундарга нь болдог төдийгүй нөгөө талаас хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангах бүтээгдэхүүний түүхий эд болж, цаашлаад тухайн улс орны эдийн засагт асар их хувь нэмэр оруулдаг. Ийм учраас л зүйрлэшгүй чухал ач холбогдолтой нөөц юм.
-Тэгвэл Монгол орон генетик нөөцөөр хэр баян орон бэ?
-Бид генетик нөөцөөр хэр баялаг орон бэ гэдгээ зайлшгүй судалж тогтоох шаардлагатай. Одоо мэдэгдэж байгаагаар Монгол орон зүйлийн олон янз байдлаараа дэлхийн биологийн олон янз байдлын халуун цэгүүд гэгддэг улс орнуудаас бага. Харин генетикийн олон янз байдал нь зүйлийн олон янз байдлаас шууд хамааралтай байдаггүй. Ямар газар нутагт генетик олон янз байдлаар баян байдаг вэ гэхээр өвөрмөц экосистемтэй, эрс тэс уур амьсгалтай, орчны хатуу ширүүн нөхцөлийг даван туулах тэсвэртэй амьд организмуудтай, хэт гандуу хуурай гэх мэт өвөрмөц орчин нөхцөлд дасан зохицсон амьтан, ургамал, мөөг, бичил биетнүүд генетик нөөцөөр баялаг байдаг зүй тогтлыг ШУ-д батлаад байна.
Бие биеэсээ эрс ялгаатай жилийн дөрвөн улиралтай Монгол орны амьтан, ургамал, мөөг, бичил биетэн зэрэг нь үүнийг даван туулах өөрийн онцлог шинж чанартай болж, өөртөө үнэ цэнэтэй генетик нөөцийг агуулж байдаг. Тэд эрс тэс, хатуу ширүүн нөхцөлийг олон сая жилийн турш түүхэн хувьсан хөгжлийнхөө явцад даван туулж өөрийгөө хамгаалж амьд үлдэхийн тулд өөрийнхөө эсэд олон төрлийн биологийн идэвхт бодисыг нийлэгжүүлдэг болсон байдаг.
Монгол орон өвөрмөц баялаг экосистемтэй. Далайн түвшнөөс өндөрлөгт оршдог онцлогтой. Өндөрт байгаа олон төрлийн нуур, гол горхи, рашаан зэрэгт амьдарч байгаа микроорганизм, усны амьтан, ургамал зэргийг судалж үзвэл үнэ цэнэ бүхий генетик нөөцийг агуулж байгаа.Алтайн нурууг л гэхэд Дэлхийн эмийн ургамлын өлгий нутаг юм гэж Их Британийн судлаачид тодорхойлж, зарласан байдаг. Хэнтий, Хангай нуруунд, говь цөлд ч асар үнэ цэнэтэй эмийн ургамал бий. Эдгээрийг бүгдийг судалж үзсэний үндсэн дээр манай улсад ямар хэмжээний генетик нөөцийн баялагтай байна вэ гэдэг асуултын бүрэн хариулт гарна.
-Монгол орон генетик нөөцөөр баялаг юм байна гэж ойлголоо. Too баримтаар дурдах боломж байна уу?
-Зүйлийн баялгийн хувьд 2,300 зүйлийн замаг, 1,031 зүйлийн хаг, 581 зүйлийн хөвд, 3,127 зүйлийн гуурст дээд ургамал Монгол улсад бүртгэгдсэн байдаг. Эдгээрт агуудагдаж байгаа нөөц бол нь бидний хувьд боломжит генетик нөөц юм. Эдгээрээс ямар биологийн идэвхт бодис илэрч, юунд ашиглаж болохыг судалж байж л тогтооно. Одоогоор нийт 3,127 зүйлийн гуурст дээд ургамал манай оронд бүртгэгдсэнээс гуравны нэг нь буюу 800 орчмыг нь Монгол орны уламжлалт анагаах ухаанд эмийн жор болгон хэрэглэсээр ирсэн байна.
Өөрөөр хэлбэл энэ 800 зүйл ургамал хүний биеийг анагаах, илаарьшуулах ашигтай бодис агуулж байгаа учраас 5000 жилийн түүхтэй Монгол уламжлалт анагаах ухаан эмийн жордоо оруулж ашигласаар иржээ. Үүний зэрэгцээ Монгол оронд 141 зүйлийн хөхтөн амьтан, 476 зүйлийн шувуу, 79 зүйлийн загас, 8 зүйлийн хоёр нутагтан, 22 зүйлийн мөлхөгч, 1300 зүйлийн сээр нуруугүй амьтан бүртгэгдсэн байдаг.
Эдгээрээс 102 зүйлийн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт анагаахын эмийн жорд хэрэглэсээр иржээ. Эдгээр нь бидэнд бодитоор мэдэгдэж байгаа үнэ цэнэ бүхий генетик нөөц юм. Орчин үеийн шинжлэх ухааны судалгаагаар гаргаж авсан эм бэлдмэлд манай орны 140 зүйлийн ургамлыг ашиглаж байна. Цаашид энэ байдлаар судалгааг нарийвчлаад хийвэл маш их генетик нөөц Монголд байгаа нь харагдаж байна.
Энд би зөвхөн амьтан ургамлын тухай ярилаа. Гэтэл бичил биетэн хаа сайгүй байна. Хөрсөнд, усанд агаарт гэх мэтчилэн. Манай ард түмэн эртнээсээ ахуй амьдралынхаа явцад асар нарийн технологийг гарган авч үеэс үед уламжлуулсаар ирсэн. Тухайлбал, олон төрлийн микро организмын тусламжтайгаар малын сүүг исгэж айраг, тараг, хоормог хийдэг технологийг бий болгосон. Айраг тараг, хоормог нь хүнд ашигтай бактериудыг агуулж байдаг. Товчхондоо Монголын ард түмний эртнээс хэрэглэж ирсэн хоол хүнс нь ашигтай бактериа тэжээх зориулалттай байна.
Хамгийн наад зах нь л гэхэд зундаа гэдсээ цайлгах ёстой гэж цагаан идээ голлосон хоол хүнс хэрэглэж, ашигтай бактериа нэмэгдүүлж намартаа байгалийн жимс, жимсгэнэ хэрэглэж тэр бактериа тэжээдэг байх жишээтэй. Гэтэл хүн ашигтай бактериа тэжээж байж л эрүүл амьдрах ёстой юм байна гэдгийг саяхнаас л орчин үеийн ШУ нээн илрүүлж, ашигтай бактериуд үйлдвэрлэн шуурч эхэлж байна.
Эрт дээр үеэс монголчууд амьдарч ирсэн газар нутаг, түүний нөөцийг таньж мэдэн амьдрал ахуйдаа хэрэглэж, хүрээлэн буй орчинтойгоо материаллаг болон оюун санааны нягт харилцаатай амьдарч, арвин их уламжлалт мэдлэг хуримтлуулж ирсэн ард түмэн. Өөрөөр хэлбэл манай ард түмэн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бий болгож, өвлүүлж, хадгалж, баяжуулж иржээ.
-Та сая ярьсан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг гэдэг ойлголтын талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг гэдэг нь амьтан ургамал, мөөг бичил биеийн ашигтай шинж чанар, мөн тэдгээрийг зөв зохистой, тогтвортой ашиглаж, хамгаалж ирсэн ардын арга ухааныг хэлдэг. Энэ бол маш өргөн цар хүрээг хамардаг мэдлэг юм. Үүнд генетик нөөцийн шинж чанартай холбоотой мэдээлэл, мэдлэг, ард түмний амьдралынхаа туршид бий болгосон шинэлэг инноваци, уламжлалт технологи, ноу-хау гэх мэт маш өргөн хүрээний цогц ойлголтууд ордог. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээс санаа авч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж биотехнологийн шинжлэх ухааны судалгааг хөгжүүлсээр ирлээ.
Ганцхан жишээ хэлье л дээ. Дэлхийн хүмүүс жилд дунджаар 989 тэрбум ам.долларыг эмэнд зарцуулдаг бөгөөд хамгийн их борлуулалттай ганцхан эмнээс жилд 5 тэрбум ам.долларын орлого олдог гэсэн тооцоо байна. Өнөөдөр АНУ, Герман, Швейцар , Япон, Их Британи зэрэг орнууд дэлхийд эм үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна. Эмийн компаниуд шинэ эм, бүтээгдэхүүн гаргаж авахын тулд их эрэл хайгуул, судалгаа, био-хайгуулыг тасралтгүй хийж байдаг.
Аливаа судалгааны ажлыг эхлүүлэхэд ямар нэг таамаглал дэвшүүлж түүнийгээ батлахын төлөө л судлаачид ажилладаг. Тэр утгаараа генетик нөөцөөр баялаг, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээ хадгалж үлдсэн улс орнуудад судалгаагаа хийх сонирхол ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа ихэнх эмийг уламжлалт мэдлэгээс санаа авч гарган авсан байдаг юм. Жишээ нь эртний Грек Ромчууд халуун бууруулж, өрөвсөл намдаахын тулд бургасны холтсыг хандалж уудаг байсан байна. Үүнийг хожим судалж аспирин гэх бидний хамгийн сайн мэддэг эмийг гаргаж авсан байдаг. Энэ мэтээр бидний өдөр тутам хэрэглэдэг, мэддэг, зах зах зээлд хамгийн их борлогддог олон эмийг уламжлалт мэдлэгээс санаа авч гарган авсан байдаг юм.
Даяарших, хотжих үйл явцын улмаас уламжлалт аж байдал, ахуй амьдрал, түүнтэй холбоотой мэдлэгээ тээж авч яваа ард түмэн дэлхий дээр цөөрсөөр байна. Харин Монголын ард түмэн бол генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээ амнаас ам дамжуулан үеэс үед уламжлуулан өвлүүлж, амьдрал ахуйдаа өнөөдрийг хүртэл хэрэглэж, ашиглаж байна. Захын Монгол хүн л хамрын ханиад хүрэх, хоолой сэрвэгнэх, бөөр үрэвсэх, яс хугарахад гэх мэтээр өвчин эмгэг илаарьшуулахад ямар ургамлыг яаж хэрэглэдгийг мэддэг.
Үүний зэрэгцээ XIII зууны үеэс XIX зуунд ШУ гэж тооцогдох хэмжээнд хөгжлийн оргилдоо хүрч чадсан, 5,000 жилийн түүхтэй гэгддэг Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг байна. Энэ нь дорнын уламжлалт анагаах ухаан хөгжсөн Хятад, Төвд, мөн Энэтхэгийн анагаах ухаантай хоршин хөгжиж өөрийн гэсэн жортой, сургуультай, мэдлэгээ бичгээр хойч үедээ үлдээдэг, зааж сургадаг, залгамж халаагаа бэлтгэдэг уламжлалыг бий болгон хөгжүүлж ирсэн гэдгийг манай нэртэй судлаачид бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.
Уламжлалт анагаах ухааны эмч нар болох маарамба, оточ нар арав гаруй жилийн турш бэлтгэгддэг байсан байна. Энэ мэт монголчууд арвин баялаг мэдлэг уламжлалтай ард түмэн бөгөөд энэ уламжлалт мэдлэгт тулгуурлан асар их нээлт хийх бүрэн боломжтой. Эдгээр нь монголчууд бидний үнэ цэнэтэй соёлын өвүүдийн нэг юм. Улс орон бүрт ийм арвин нөөц, өв байхгүй. Бид азтай улс.
-Энэ чухал ач холбогдолтой генетик нөөцөө хамгаалж авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
-Энэ маш чухал асуудал. Би дээр хэлсэн. Давтаад хэлье. Генетик нөөц хаана байдаг вэ гэхээр амьтан, ургамал, мөөг, бичил биетэнд буюу биологийн зүйл тэр нөөцийг тээж яваа юм. Тиймээс биологийн нөөцөө хамгаалах буюу тэднийг амьдрах орчинд нь буюу тухайн байгальд нь хамгаалах нь чухал байгаа юм. Харамсалтай нь БОАЖЯ-наас хийдэг Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангаас харахад Монгол Улсын газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөж газар нутаг, амьдрах орчин эрчимтэй цөлжиж байна.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр харахад ногоон ургамал ургаад байгаа мэт боловч ашигтай, шимт ургамлууд ургах боломжгүй болсон гэсэн үг. Газар нутаг маань малын хөлөөр талхлагдан, хөрсөн дэх зэрлэг ургамлын байгалийн үрийн сан устаж байна. Ингэснээр биологийн өндөр идэвхтэй, эм танд ашигладаг гайхамшигтай ургамлууд ургах боломжгүй болж байгаа юм.
Өвөг дээдэс маань аж ахуй, амьдралаа хүрээлэн байгаа орчин, байгаль орчиндоо ээлтэйгээр авч явж, биологийн нөөцийг тогтвортой, зөв зохистой ашиглаж ирсэн ард түмэн. Гэтэл өнөөгийн нөхцөлд малын тоо экосистемийн даацаас хэтэрсэн байна. Ургамалын үр устаж үгүй болж байгаа талаар би хэлсэн. Цэцэгт ургамлуудад цэцэглэх, үрлэх боломж өгөхгүй, цэцэг гарахаас нь өмнө мал идчихдэг болжээ. Олон жилийн турш цэцэглэх, үрлэх боломж өгөхгүй байхаар хөрсөнд агуулагдаж байсан үрийн нөөц дуусна.
Хөрс ч их хэмжээгээр элэгдэж байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд бид өнөө маргаашийн тав гурван төгрөгийн ашиг харсан үйлдлээсээ болж биологийн нөөцөө, түүнд агуулагдаж байгаа генетик нөөцөө өөрсдөө устгах гээд байна. Газар нутаг, амьтан, ургамал, экосистемтэйгээ зүй зохистой харьцаж байж генетик нөөцөө хамгаалж авч үлдэж чадна. Энэ Генетик нөөцөө одоо л бид хамгаалж, хадгалж авч үлдэж чадвал үнэлж барахгүй их баялаг бүтээх боломж бий.
Гэхдээ мянгат малчин шалгаруулан найрлаж, түүхий эдээ хямдаар зарж, бэлчээр нутгаа тэсэх хязгаараас нь давуулан талхалсан хэвээрээ, дорвитой арга хэмжээ авахгүй, алсыг харсан шийдвэр гаргахгүй бол энэ үнэлшгүй баялаг нүд ирмэхийн зуургүй устах боломж бүрдээд байна.
-Генетик нөөцийг хамгаалж авч үлдэх өөр ямар ухаалаг аргууд байна вэ?
-Шинжлэх ухаан, технологийн дэвшил ашиглаж байгалийн бус нөхцөлд хамгаалж авч үлдэх арга бий.Үрийн сан байгуулах, генийн сан байгуулж хамгаалдаг. Би Их Британид оюутан байхдаа “Мянганы үрийн сан” гэдэг газарт дадлага хийсэн юм. Их Британи улс байгалийнхаа бүх унаган ургамлын үрийг үрийн сандаа хадгалж чадсан байдаг. Энэ үрийн санг амьд үрийн сан гэж нэрлэдэг юм.
Өөрөөр хэлбэл, тухайн ургамал байгальдаа ямар амьдрах орчинд тэсвэртэй байдаг юм тэр хэлбэрээр нь хадгалж, байнга ургуулж, судалгаа туршилт хийж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, бохирдол зэрэг ямар нэг шалтгаанаар байгалийн ургамлын бүлгэмдэл устах эсхүл доройтвол хэрхэн нөхөн сэргээх технологийг тэнд боловсруулж байдаг. Мөн дэлхийн бусад улс орнуудын хүсэлтээр байгалийн унаган ургамлынх нь үрийг хадгалж, янз бүрийн нөхцөлд хэрхэн ургуулах талаар хамтран судалгаа хийдэг. Манай улсын ургамлын үрүүд тэнд байхгүй. Яагаад байхгүй байна гэж би асууж байсан.
Хэрэв танай улсын хүсэлтээр ургамлын үр авч хадгалсан бол танай улсад тухайн амьд үрийн сангийн менежментийг зааж сургана, мөн үрийнхээ нэг хувийг нь танай улс өөрөө хадгалах ёстой юм. Мөн танай улсаас хүсэлт ч ирээгүй бас үрийн сангүй учраас хамтран ажиллах боломжгүй юм гэж тайлбарлаж байсан. Тиймээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа энэ үед байгалийн ургамлын үрийн сан байгуулах нь асар чухал ач холбогдолтой юм.
Манай улсад таримал ургамлын үрийн сан Дарханд байна. Мөн бичил биетний өсгөврийн сан байгуулах хэрэгтэй. Манай улсын ИГУА-ийн Микробиологийн лабораторид бичил биетийн сорьц дээжүүдийг хадгалж байна. Үүнтэй адилаар микроорганизмын өвгөвөрийн сан, генийн сантай болох хэрэгтэй байна. Гербарийн санг сургалт, судалгааны зориулалтаар их сургуулиуд, хүрээлэнгүүд ашиглаж байна. Үүнийг нэгдсэн цахим сүлжээнд оруулах хэрэгтэй байна. Ургамлаас ялгаж авсан бодисын сантай болох нь бас чухал байна.
Энэ мэт байгалийн нөхцөлд болон байгалийн бус лабораторийн нөхцөлд генетик нөөцөө хадгалж, хамгаалж авч үлдэж хойч үедээ өвлүүлэн үлдээж, өөрсдийнхөө амьдарч байгаа энэ үед генетик нөөц, уламжлалт мэдлэгээ ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж генетик нөөцийнхөө үр шимээс нь хүртэх боломж харагдаж байна.
-Генетик нөөцийг хамгаалах талаар манай улс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай улсад дээр миний ярьсан генийн сан, үрийн сан гэх мэтчилэн зүйлүүд сонгодог утгаараа хараахан байгуулагдаагүй байгаа, биотехнологийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа зэрэг сул талууд байгаа ч гэсэн генетик нөөцөө хамгаалахын тулд бас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
БОЯБ-ыг хамгаалах, бүрэлдэхүүн хэсгүүдийг нь тогтвортой ашиглах, генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг шударга, тэгш хүртээх зарчмын суурь асуудлыг зохицуулдаг БОЯБ-ын конвенц, мөн түүнийг дагалдан гарсан Нагояагийн протоколд манай улс тус тус нэгдсэн орсон. Ингэснээрээ улс орнууд ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ гэхээр генетик нөөцийг ашиглах эрхзүйн орчныг тодорхой болгож өгөх үүрэг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл Нагояагийн протоколд нэгдсэн орсноор генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ хадгалж хамгаалах талаар бодлого боловсруулах, арга хэмжээ авах, гадаадын улс оронд үүнийгээ ашиглуулах тохиолдолд гэрээ хийж түүнээс үр шим хүртэх боломж бүрдсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 110 орон тус Нагояагийн протоколд нэгдэн ороод байна.
Эдгээр улс орнууд мэдээлэл солилцох нэгдсэн системээрээ мэдээлэл солилцож хамтран ажилдаг. Тухайлбал манай улсаас гарсан генетик нөөц хаана ямар улсад хэний гар дээр яаж ашиглагдаж, ямар бүтээгдэхүүн болж зах зээлд гарч байна вэ гэдгийг хянах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын генетик нөөц ОУ-ын түвшинд хамгаалагдах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тиймээс манай улс ОУ-ын өмнө хүлээн үүргээ биелүүлэн генетик нөөцөө хамгаалах зорилгоор Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа.
-Генетик нөөцийн хуультай болбол юу өөрчлөгдөх бол?
-Байгаль орчин аялал жуулчлалын яам хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор НҮБХХ-өөс техникийн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах мэргэжлийн баг, ажлын хэсэг байгуулан салбар дундын олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулан санал авч ажиллаж байна. Мөн Монгол орны бодит генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн санг анх удаа үүсгээд байна. Хуультай болсноор генетик нөөцийг судлах, бүртгэх, биотехнологийн ШУ-ыг хөгжүүлэх, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж илүү нээлттэй болно гэж харж байгаа.
-Генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг шударга эрх тэгш хүртэх, хүртээх гэдэг асуудал таны ярианд дурдагдлаа. Шударга, эрх тэгш гэж тодотгохын учир юу вэ?
-Та хамгийн чухал хэлэх гээд байгаа санааг маань олж харсан байна. Шударга эрх тэгш гэдэг үгний цаана хамаг утга нь агуулагдаж байгаа юм. Яагаад гэхээр биологийн олон янз байдал, түүнд агуулагдаж байгаа генетик нөөц бол дэлхийн бүх хүн төрөлхтний нийтийн өмч. Түүнийг хүний сайн сайхны төлөө ашиглаж байгаа нь зөв зүйтэй үйлдэл юм гэдэг ойлголт саяхныг болтол зонхилж байсан.
Гэтэл буурай хөгжилтэй орнууд Биологийн олон янз байдлаараа баялаг байдаг бол өндөр хөгжилтэй, ШУ өндөр хөгжсөн улс орнууд буурай хөгжилтэй улс орны тэр баялаг нөөцийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж асар их ашиг олдог ч түүнийхээ үр шимээс тэдэнтэй хуваалцдаггүй байсан. Өндөр хөгжилтэй орнууд бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олдог хэдий ч ядуу буурай орнууд түүнээс үр шим хүртэх нь бүү хэл өөрсдийн баялгийг нь ашиглаж бүтээсэн өргөг шингэсэн үнэтэй бүтээгдэхүүнийг нь эргүүлэн худалдан авдаг шударга бус тогтолцоо ноёрхсон. Үүнийг судалгааны баримтаар баталж болно.
Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гаргасан судалгаагаар генетик нөөц ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн патентын 95 хувийг ШУ технологи өндөр хөгжсөн улс орнууд эзэмшиж байна. Үлдсэн таван хувийг ядуу буурай улс орнууд эзэмшдэг хэдий ч тус улсад үйл ажиллагаа явуулдаг өндөр хөгжсөн нөгөө л улс орнуудын үйлдвэрүүд ард нь байдаг байна.
Энэ байдлыг зогсоохын тулд генетик нөөцийг ашиглахдаа гэрээ байгуулж үр шимийг тэгш шударгаар хүртээх ёстой гэсэн зарчмыг БОЯБК-оор тунхаглаж , үүнийг нарийвчлан зохицуулах зорилго бүхий Нагояогийн протоколыг баталсан. Тус протоколд аливаа улс орны генетик нөөцийг ашиглахдаа мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр үр шимийг хуваалцана гэсэн зарчмыг тусгаж өгсөн.
Генетик нөөц ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргасан бол орлогынхоо тодорхой хувийг генетик нөөцөө ашиглуулж байгаа улс оронд өгдөг хэлбэрийг мөнгөн үр шим гэж нэрлээд байгаа юм. Харин мөнгөн бус үр шим гэдэг нь хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, мэргэжилтэн бэлтгэх, сургах зэрэг үйл ажиллагааг хамруулан ойлгоно. Тэгэхээр шударга эрх тэгш хуваарилах талаарх суурь зарчим тус протоколд тусгагдсан хэдий ч протоколд нэгдсэн орсон улс орнууд энэ зарчимд нийцүүлэн хууль боловсруулан баталж хэрэгжүүлснээр л амьдралд хэрэгжих юм. Хуулиа баталж амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнууд ч байна.
Манай улс хуулийн төслөө боловсруулж эхэлсэн удахгүй батлагдах байх гэж найдаж байна. Хууль батлагдмагц монголчууд бид генетик нөөцийн ашиглалтаас үүдэх үр шимийг шударга эрх тэгш хүртэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Б.Баяр
|