“ЭТТ“ ХК: 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 тн нүүрс борлуулж, 9.5 тонныг экспортоллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал:
3.9 сая тонн нь коксжих нүүрс;
3.6 сая тонн нь сул коксжих нүүрс;
1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс;
0.6 сая тонн нь угааж баяжуулсан бүтээгдэхүүн борлууллаа.
Экспорт 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч өмнөх оны нэгдүгээр улирлын экспортын хэмжээнээс 56 хувь өссөн байна. Үүний 51 хувь буюу 4.9 сая тонн нүүрс нь хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт, 49 хувь буюу 4.6 сая тонн нүүрс нь урт хугацаат буюу ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлж байна.

Өнгөрсөн 2025 оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж 101 хувь өсөлттэй гарлаа. Экспорт өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 6.1 сая тонн байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 9.5 сая тоннд хүрч 56 хувь өслөө.
Борлуулалт болон экспортын хэмжээ нэмэгдэхэд тээвэр зохион байгуулалт сайжирч, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүллээ.
Борлуулалтын орлого өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас 72 хувь өсөж 641.6 сая ам.долларт хүрч, 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн нь Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ, гадаад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр төсвийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна.
