“Эрдэнэс Тавантолгой“ ХК 2024 онд улсын төсөвт 3,5 ИХ НАЯДЫГ төвлөрүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн удирдлагууд өнөөдөр/2025.02.20/ өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Монгол улсын нүүрсний экспортын 36 хувийг, Татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлсэн аж.
Үүнээс гадна Эрдэнэс Тавантолгой ХК 2023-2024 онд нийт 115 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 25.02 сая тонн нүүрс арилжсан бөгөөд нийт 2.84 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. 2023 онд биржийн арилжаагаар нийт 1.3 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн бол 2024 онд 24 хувь нэмэгдэж 1.6 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Энэ үеэр ЭТТ ХК-ий Борлуулалт, маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог хэлсэн үгэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унасан байна. Ингэхдээ хатуу коксжих нүүрсний үнэ 44 хувиар унасан. Ийм үед биржийн арилжаа ч сорилттой тулгарч, борлуулалтын орлого буурах хандлагатай болсон. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байна. Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор биржийн арилжаа сорилттой тулгараад байна.
Монгол Улс Хятадын зах зээл рүү нүүрсээ экспортолж, валютын орлогоо олж эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Өмнөх жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан учраас нүүрс үнэд хүрч байсан. Харин одоо Хятадын өөрсдийнх нь нийлүүлэлт эрэлтээсээ давчихаад явж байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ буурч байна. Энэ нөхцөлд бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, хэрхэн валютын орлогоо тогтвортой байлгах вэ гэдгээ бодох ёстой.” гэдгийг онцоллоо.
2024 онд тус компани:
- 30.4 сая тонн нүүрс олборлож,
- 29.6 сая тонн нүүрс борлуулж,
- 10.3 их наяд төгрөгийн орлоготойажиллаж,
- Улсад 3.5 их наяд төгрөгийн татвар, хураамжтөлж,
- 4.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс Эрээн боомтоор нүүрс экспортлохоор судалж байгаа бөгөөд БНХАУ-ын зүүн хойд мужийн гангийн болон эрчим хүчний зах зээл рүү ойртохоор төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох, тэдэнд шууд нийлүүлэх боломжийг судалж, гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийх ажлыг эхлүүлжээ.









