“Петро чайна дачин тамсаг“ ХХК нь химийн хорт болон АЮУЛТАЙ БОДИС ашигласан нь тогтоогджээ
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийж, улирлын байдлыг харгалзаж үүссэн 5 зөрчлийг 3 сарын хугацаанд арилгах хугацаа олгосон юм. Уг шийдвэрийн дагуу БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын Улсын байцаагч нар ажиллаж дараах дүгнэлтийг гаргав.
Шаардлага-1: Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах, цэвэрлэсэн бохир усыг Хүрээлэн буй орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартад нийцүүлэх.
Биелэлт: БХГ-т Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн техникийн зураг төслийг Эрчимт өрнөл ХХК-аар гүйцэтгүүлж, ахуйн бохир цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажлыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
Шаардлага-2: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандартад нийцсэн химийн бодис хадгалах нэгдсэн агуулах барьж, химийн хорт болон аюултай бодисын хадгалалтын үеийн аюулгүй байдлыг хангах.
Биелэлт: Та-2 буюу “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XXI талбайн нэгдсэн байгууламжийн химийн бодисын агуулахыг нэгдсэн байгууламжийн баруун хойд талд хашааг сунгаж өргөтгөж 10 м өргөн, 21 м урттай, 4.5 м өндөртэй, 2 талаасаа ордог /хуурай, шингэн/ агуулахыг 2023 оны 09 сард барьж ашиглалтад оруулсан байна. Тус агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийгээгүй байна.
Шаардлага-3: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.9 дэх заалтын дагуу туслан гүйцэтгэгч болон оператор компаниудад ашиглах химийн бодисыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийх.
Биелэлт: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 21-р талбайн газрын тосны олборлох төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд шүүмж хийж, гишүүдийн 100 хувийн шийдвэрээр тодорхой асуудлыг засварлан дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасан. Мөн хурлаар хэлэлцүүлсэн үнэлгээний тайланд туслан гүйцэтгэгч компаниудад ашиглах химийн бодисуудыг тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулаагүй.
Шаардлага-4 Үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгах, туслан гүйцэтгэгч компаниудын ахуйн болон шингэн, аюултай хаягдлыг зориулалтыг хогийн цэгт шилжүүлэх, зориулалтын бус газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх
Биелэлт: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул Бичигтийн боомт хүртэлх сайжруулсан шороон хучилттай авто замын дагуу нөхөн сэргээсэн хуучин карьерт үүссэн их хэмжээний хог хаягдлыг 2023 оны 11 дүгээр сард компани, Матад сум ЗДТГ-тай хамтран цэвэрлэсэн. Мөн дотоодын болон олон улсын тээвэрлэлт хийдэг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн ойролцоох үүссэн хур хогийг цэвэрлэсэн байна.
Шаардлага – 5 ХIX талбайд газрын тосоор бохирдсон хөрсийг түр хадгалах цэгийн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, бохирдсон шороо, хаягдал тос агуулсан материалуудыг аюултай хог хаягдлын ангиллын дагуу коджуулж, харуул хамгаалалтыг сайжруулан газрын хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, цаашид бохирдсон шороо, талбайг бүрэн нөхөн сэргээж зохих байгууллагаар саармагжуулах, устгалын арга хэмжээг шат дараатай зохион байгуулах
Биелэлт- БХГ-Тосон Уул XIX талбайд хуримтлагдсан тосоор бохирдсон шороог цэвэршүүлэхээр “Эко Ургамал” ХХК-тай гэрээ байгуулж, 2023.08.12-2023.10.14 хүртэл нийт 56 хоног ажиллан 3350 м3 шороог цэвэршүүлээд байна. Тус компани эвдэрсэн хашааг бүрэн засварлаж хориглох тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.
Нэмэлт мэдээлэл:
Нэг, хоёр, дөрөв дүгээр шаардлагад эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагавар арилгуулах тухай албадан даалгаврыг хугацаанд барагдуулаагүйтэй холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн захирамжаар “Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хувийн хэрэг үүсэж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Тав дугаар шаардлагад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/244 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-д хяналт шалгалт хийж, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороо, хаягдал тос, тос агуулсан бусад материалыг зориулалтын бус газар, ил задгай газар хадгалж, хаясны улмаас газар, газрын хэвлийд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, тус газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Гурав дугаар шаардлагад химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй химийн хорт болон аюултай бодис ашигласан асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны удирдлага болгон Эрүүгийн тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлт явагдаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ