Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаярыг ЦАГДАН ХОРЬЖЭЭ
“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаярыг цагдан хорьжээ.
Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компанийнхан “жижиг” Тавантолгой буюу орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэн хилээр гаргаж байсантай нь холбогдуулан захирлыг нь яллагдагчаар тооцон шалгаж буй гэнэ. Тодруулбал, “Ёл групп” ХХК-ийн харьяа “Ёл-Ази” гэх аж ахуйн нэгж нь “Тавантолгой” ХК-тай хөрс хуулах, нүүрс олборлох гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулдгаас гадна өөр нэг бус “охин” компаниараа дамжуулж нүүрс угааж, хилээр гаргадаг аж. Ингэхдээ орон нутгийн удирдлагын дэмжлэгээр “Тавантолгой” ХК-иас зарласан тендерт ялж, нүүрсийг нь хямдаар авч хилээр гарган өндөр үнээр борлуулан ашиг олж, мөнгө угааж байсан гэж буруутгагдаж буй юм билээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяртай холбоотой үйлдлийг илрүүлсэн агаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн НПГ-аас тавьсан саналын дагуу шүүхээс цагдан хорих захирамж гаргасан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Ажнай” группийн удирдлагатай холбоотой хэмээн бичиж буй ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь хараахан нотлогдоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин