32 саяар “кейтеринг үйлчилгээ“ авсан “Гашуун сухайт авто зам“-ын Ж.Баянмөнх ШИЛЭН ДАНСАА хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байна
Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Тэгвэл "Эрдэнэс Монгол"-ын охин компани "Гашуун сухайт авто зам" ХХК "Шилэн данс" бүрэн хөтлөөгүй байна.
Тодруулбал, тус байгууллагын шилэн дансыг шүүхэд 2023 он гараад 1-3 сарын хэдхэн зарлагын мэдээллийг оруулсан бөгөөд бусад орлого, зарлагын мэдээлэл огт оруулаагүй, төсөв гүйцэтгэлийг хөтлөөгүй байна.
Харин 2023 оны 1 дүгээр сарын зарим зарлагын гүйлгээг шалган үзэхэд, 31,897,100 төгрөгөөр Альфа Стандарт ХХК-иас "Кейтеринг үйлчилгээ" авчээ.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар зориулалтаар кейтеринг үйлчилгээ авсан талаар мэдээллийг огт оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм.
Уул нь Шилэн дансны хуулийг төрийн болон төрийн оролцоотой бүхий л байгууллагуудад дагаж мөрдүүлэхээр хуульчилж, шилэн дансыг нээсэн. Гэтэл Шилэн дансны хуулийг голлон хэрэгжүүлэх "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн захирал Ж.Баянмөнх “ШИЛЭН ДАНСАА“ хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байгаа нь хардлага төрүүлж байна.
Товчхондоо, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар уг компаний захирал, ня-бо нарыг ажлаас халах үндэслэл болж байна. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ.