Монгол Улс нийт 23,1 сая тонн нүүрс экспортолсоны 43 хувийг “ЭТТ ХК ДАНГААРАА БҮРДҮҮЛСЭН“

2023 оны 6 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж болон бусад мэдээллийг өгөх зорилгоор сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ий Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат, Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу болон бусад газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Энэ үеэр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ий Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн үгэндээ “Хэдий коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурч байгаа хэдий ч 2019 оны жилийн дундаж үнэ буюу 137 ам.доллартай харьцуулахад өндөр байна. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ цар тахлын өмнөх жилүүдийн түвшинд очиж байна. 2021 оноос хойш Монгол, ОХУ-ын экспорт Австралиас өндөр байгаа. Энэ хандлага ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна.

Бид өнгөрсөн жил нийт 11,4 сая тонн нүүрсийг 1,109.3 сая долларын борлуулсан бол энэ оны зөвхөн эхний таван сарын байдлаар 11 сая тонн нүүрсийг 1,141.0 сая долларын борлуулаад  байна. Мөн эхний таван сарын байдлаар Монгол Улс нийт 23,1 сая тонн нүүрс экспортолсон ба үүний 43 хувийг ЭТТ ХК-ийн экспорт дангаараа бүрдүүлсэн.

МХБ-ээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 18 удаагийн арилжаагаар 1,024.0 мянган тонн нүүрсийг 126,7 сая ам.доллараар борлуулж, орлогыг 37,7 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Цахим арилжаанд давхардсан тоогоор 30 компани оролцож нүүрс худалдан авсан бөгөөд нэг удаагийн арилжаанд дунджаар 2-5 компани оролцон 1-15 удаа үнэ өсгөж байна. Энэ онд нийт борлуулалтын 30 хувийг цахим арилжаагаар борлуулахаар зорьж байна. Ингэснээр орлого 244,4 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой.

Үүнээс гадна энэ оны эхний таван сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1,061.2 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн бөгөөд үүнээс АМНАТ-т 727,7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288,9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Тэрээр мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.

-Төмөр замаар нүүрс гаргах асуудлыг хэр урагшлуулж байна вэ. Он гарсаар хичнээн тонн нүүрсийг төмөр замаар гаргасан бэ? Жижиг Тавантолгойн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Он гарсаар 182 тонн нүүрсийг төмөр замаар гаргасан байна. Үүнээс гадна жолоочгүй төмөр замаар өдөрт 160 чиргүүл нүүрс гаргаж байгаа. Ер нь гол тээвэр нь авто тээврээр явж байна. Төмөр замаар нүүрсээ тээвэрлэх ажлыг бид шат дараатай хийгээд явж байна.

Жижиг Тавантолгой компаний хувьд ЭТТ компаний газар дээр овоолго үүсгэсэн байгаа. Бид тэр овоолгыг авчихвал нүүрсээ авахад бэлэн байна. Энэ асуудлаа тухайн компанид хэлээд, овоолгоо авахыг нь хүлээж байна.

-Биржийн арилжаанд цөөн компани оролцдог, сонирхол буурсан талаар яригддаг. Бодит байдал ямар байгаа вэ?

- Эхний арилжаанууд амаргүй байсан, одоо тогтворжсон. Нийт 18 удаагийн цахим арилжаанд давхардсан тоогоор 30 компани оролцож, нүүрс худалдан авсан. Нэг удаагийн арилжаанд 2-5 компани оролцдог. Цахим арилжаагаар 1 сая 24 мянган тонн нүүрсийг 126.7 сая ам.доллараар борлуулж, борлуулалтын орлогыг 37.7 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.

Орон нутгийн Тавантолгой ХК-ийн арилжаа зогсонги байдалтай байна. Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК хоёрыг хольж яриад байгаа. Бидний арилжаа амжилттай болж байгаа. Худалдан авагч талаас бизнесийн нууц гэдэг утгаараа нэрээ нууцлах хүсэлт ирүүлээд байгаа. Хятадын төрийн өмчийн томоохон компани биржийн арилжаанд оролцож эхэлсэн. Цаашид тогтмол оролцохоо мэдэгдсэн нь Хятадын зах зээлд өгсөн зөв дохио гэж үзэж байгаа.

-ЭТТ компани 4,3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсан. Тэгвэл энэ өр төлбөрөөс барагдуулж байгаа юу? Одоо хэдэн төгрөгийн өр төлбөр үлдсэн бэ, хэдэн жилийн хугацаанд өрийг дарж дуусгах вэ?

 ЭТТ богино хугацааны 2,6 их наяд, урт хугацаатай өр төлбөр нь 1,7 их наяд буюу нийт 4,3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрөөс бид богино хугацааны өр төлбөрөөс 892,9 тэрбум төгрөгийг, урт хугацаатай бондын өр төлбөрөөс 406 тэрбум төгрөгийг төлсөн. Цаана нь бидэнд 3,3 их наядын өр, төлбөр үлдээд байна.

Үүнээс гадна бид худалдан авагчаас урьдчилж авсан 603 сая ам.долларын өрийг барагдуулаад байгаа бол 130 сая ам.долларын өр үлдсэн. Энэ өрийг бид ирэх найман сард төлж барагдуулахаар ажиллаж байна.

-С зөвшөөрлийг 15 сая төгрөгөөр худалдаалдаг гэсэн яриаг тээвэрчид их гаргадаг. Энэ зөвшөөрлийн талаар мэдээлэл өгвөл.

"С зөвшөөрөл буюу олон улсын ачаа тээвэр нүүрс экспорттой холбоотой зөвшөөрлийн асуудал дээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас өнгөрсөн хугацаанд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 7200 С бичиг солилцож, ачаа тээврийн үйл ажиллагаагаа эрхлэх тоотой. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" компаний худалдан авагчид нүүрсээ тээвэрлэхэд зориулж олгож байгаа.

"Зарим нэг компани хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендерт шалгарчихаад “нүүрсээ ач” гэхээр машин хайгаад явж байна" 

2023 оны нэгдүгээр улиралд дээрх 4680 зөвшөөрлөөс авто тээврийн нэгдсэн систем буюу АТҮТ-ийн мэдээллийн системд хүсэлтээ гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлж "С" зөвшөөрлийн хуваарилсан.

Хэн нэгэн ААН-үүдэд давуу байдал олгосон зүйл байхгүй. Өнгөрсөн онд С зөвшөөрөл авах 10,000 гаруй хүсэлт ирсэн. Бид тус зөвшөөрлийг олгохдоо нэгдүгээрт тухайн үеийн дүрмийн дагуу битүүмжилсэн тээврийн багт орсон байх ёстой, хоёрдугаарт тээврийн нэгдсэн системд хүсэлтээ гаргасан байх ёстой гэсэн хоёр шаардлагыг тавьсан.

Хүсэлтээ гаргах үед ААН татвар, хураамжийн өргүй байх, тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулсан байх, жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шалгуур тавигддаг. Гэтэл тендерт оролцоод шалгуурт тэнцчихсэн мөртлөө “Том оврын машин түрээслэнэ” гэсэн зарыг өчигдөр тавьчихсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тухайн компани хуурамч бичиг баримт бүрдүүлээд тендерт оролцоод “нүүрсээ ач” гэхээр машин хайгаад явж байна. Энэ бол Монголын талд хохирол учруулах том эрсдэл гэж харж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647957
0 эможи

keyboard_arrow_up