“Эрдэнэс-Таван толгой” ХК улсын татвар, хураамжийг 410 тэрбумаар давуулан биелүүллээ

2023 оны 3 сарын 21

Arslan.mn

“Эрдэнэс -Таван толгой” ХК 2022 оны эцэс гэхэд 558.5 сая ам долларын борлуулалт хийсэн сайн мэдээ байна. Үүнийхээ ачаар улсын татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мэдээж дагаад төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын орох урсгал ч 416.6 сая доллараар нэмэгджээ. 

Энэ үр дүнгийн гол түлхүүр бол өдөрт 200 машин нүүрс ачдаг байсныг 800 болгож 4 дахин нэмсэнтэй холбоотой юм. 

Шууд хэлэхэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-д “Эрдэнэс- Таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь нүдээ олсон шийдвэр, алхам байлаа. 

Ер нь бол тус компани өнгөрсөн хугацаанд  нүүрсээ амны үнээр худалддаг байсан. Амны үнэ гэдэг нь компани нүүрсээ олборлоод уурхайн амнаас худалдаалдаг бөгөөд худалдан авагч тал авсан нүүрсээ уурхайн амнаас шууд ачуулдаг байв. Өөрөөр хэлбэл  тухайн худалдан авагч тээврээ өөрсдөө хариуцдаг, хэний машинаар ачуулахаа өөрсдөө шийддэг байсан нь тээврийн ашиг худалдан авагч талын халаасанд үлддэг сул талтай байсан юм.  Мөн тус компанийн хамгийн сайн чанарын буюу коксжих нүүрсийг БНХАУ-ын Бугат хот дахь гангийн үйлдвэрүүд, мөн хувь хүмүүс авдаг байсан. Тэд 2023 оны нэгдүгээр сар  хүртэл тээврээ бүрэн хариуцдаг байлаа. 

Харин Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсноор энэ бүхнийг  өөрчилж, 2023 оны хоёрдугаар сараас Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэж эхэлсэн.  Монгол Улс цаашид ам нөхцөлийг халж, зөвхөн хил үнээр коксжих болон эрчим хүчний нүүрсээ борлуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсээ цахимаар худалдаж эхэлсэн. Эхний  арилжаа 2023 оны 2-р сарын 09-ний өдөр амжилттай эхэлж хамгийн сүүлд  энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор худалдаалсан байна. Ингэж биржээр худалдаа хийснээр нүүрсний үнэ өсөж, борлуулалт нэмэгджээ. Тээврийн зардлыг зохистой түвшинд барьж чадсан байна. Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдах сайн тал ч бий. Мэдээж Валютын нөөц өснө, төсөвт төлөх татвар ч нэмэгдэнэ. Харин хөшигний ард нүүрстэй холбогдох авлига албан тушаалын хэрэг хумигдаж, бүх мэдээлэл шилэн болж олон нийтэд ил тод, нээлттэй болох боломж бүрдэж байна. Ямар ч байсан энэ бүх давуу талыг олж харсан учраас өнгөрсөн хугацаанд тус компани 4 удаагийн цахим арилжаааг амжилттай зохион байгуулаад, үр дүнг нь харж чадаад байна. Нэмж хэлэхэд “Эрдэнэс- Таван толгой” ХК зөвхөн коксжих нүүрсээ хил нөхцөлөөр худалдсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байсан аж. 2011 оноос өнөөг хүртэл нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байдаг. Тухайн үед л хил үнээр нүүрсээ худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох боломж байжээ. Шууд хэлэхэд  4.2 тэрбум ам.долларын зөрүү гарч буй бөгөөд энэ мөнгө нүүрс худалдан авагч тал буюу урд хөршид үлддэг байсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645577
1 эможи

Иргэн
2023-03-21 21:19
Хулгайч авилгачид мөн их боломжийг завшсан нүгэл нүдээр гарлаа.Алддагдсан хөрөнгөө олж авбал том АМЬЖИЛТ ДАХИАД шүүх АВИЛГА аваад олдохгүй
keyboard_arrow_up