Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, хөрөнгө оруулалт татсан ДОЛОО ХОНОГ

2023 оны 3 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хоёр том үйлд явдал болж өнгөрөв. Нэг нь оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон бол бизнесийн салбарынхан хөрөнгө оруулалт татсан долоо хоног болж өнгөрлөө. 

Дэлхийн шилдэг технологи бүхий блокчлон олборлох аргаар газрын гүнээс "Оюу толгой" ХХК-ийн олборлолтыг албан ёсоор өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм. 
Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших энэхүү гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож эхлэх юм. Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад албаныхан оролцсон юм. Гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн  явуулах бөгөөд одоо байгаа 21 хүдэр буулгуурыг 2032 он гэхэд  300 болгох юм.  
Харин энэ тухай "Lemonpress" сайтад “Гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор 2028-2036 онд дунджаар жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлохоор байгаа.  Оюутолгой өнгөрсөн онд 129.5 мянган тн зэс үйлдвэрлэсэн. Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор зургаан сая цахилгаан машин буюу 60 том салхин цахилгаан станцын зэсийг хангах хэмжээ юм. Тиймээс Оюу толгойн жилийн борлуулалт таван тэрбум долларт хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин нэмэгдэнэ” гэсэн байв. 
Зэсийн үнэ 2030 он гэхэд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байгааг эдийн засагчид хэлсээр байгаа. Цаашид ер нь бол бид зэсийн баяжмалын экспортоос 2022 онд л гэхэд 2.7 тэрбум долларын орлого олсон. Харин гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт нэмэгдэнэ гэдэг нь экспортын орлого болон ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэсэн үг. 

Банк, санхүү, хөдөө аж ахуйн салбарын 17 бизнес эрхлэгч 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа.
Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг өнгөрсөн 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монголын 100 гаруй бизнес эрхлэгч БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагчтай холбоо тогтоож, төслөө танилцуулав. Эхний өдөр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар боллоо. 
Харин хоёр дахь өдөр уул уурхай, барилгын салбарын бизнес эрхлэгчид 596 сая ам.долларын санхүүжилт татсан юм. Энэ үеэр "Анд" группийн захирал Т.Дагвадорж “Миний хувьд гурав орчим сая ам.долларын санхүүжилт хүссэн. Гэхдээ бидний бодит хэрэгцээ хангагдсан гэж харж байна. Эхний ээлжид 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авлаа. Бизнес эрхлэгчид маань хөрөнгө оруулагч нартайгаа илэн далангүй ярилцаж, ойлголцож чадвал хөрөнгө оруулалт авах бүрэн боломж нь байна” гэсэн юм. 

Харин гурав дахь өдөр байгаль орчин сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүдтэй танилцав. Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий “Монгол Улсын хэмжээнд нар салхины нөөц их байна гэдэг нь баталгаажчихсан. Одоо хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгээс харахад бидэнд маш их боломж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд тохируулгын эх үүсвэр дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, нар, салхигүй үед орлуулах эрчим хүчний нөөц гэсэн үг. Орлуулах эрчим хүчинд нь усан цахилгаан станц байх боломжтой. Монгол Улсад нэн тэргүүнд бага болон дунд оврын усан цахилгаан станц, говийн бүсийн нар салхины нөөцөд түшиглэсэн их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн станц барьж, хэрэгцээ өндөртэй бүс нутагууд руу экспортлох бизнесийн боломж байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа” гэсэн юм.

Форумын үр дүнд дотоодын ихэнх компаниуд хөрөнгө оруулалт амжилттай татаж, хамтыг ажиллагаагаа улам бэхжүүлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645514
0 эможи

keyboard_arrow_up