Дуулиан дагуулагч “Шар нунтаг”-тай танилцсан нь

2022 оны 6 сарын 07

Arslan.mn

Дэлхий нийтээрээ нэг жилд 60,000 гаруй тонн уран хэрэглэдэг гэнэ. Түүний 15 хувийг ханган нийлүүлдэг, мөн олборлолтоороо тэргүүлдэг, олон жилийн туршлагатай “Орано” группийн Монгол улс дахь салбар компанийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдож, “Зөөвч овоо” төслийн үйлдвэрлэлийн туршилтын олборлолт болон үйлдвэрлэлийн явцтай танилцсанаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Дэлхийн дулаарлын эсрэг улс орнууд хүлэмжийн хий, нүүрснээс татгалзаж байна. Харин сүүлийн үед атомын цахилгаан станц сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс уран, шар нунтаг гэж юу юм, яаж олборлодог гэх мэтийг сонирхож, томилолт өвөрлөн яваад ирсэн нь энэ. Ямар ч уул уурхайн компанийн мөрдлөг болсон нэг ажил бол ХАБ. Тэр л зарчмын дагуу ХАБтай танилцсанаар үйлдвэртэй танилцах бидний аялал эхэлсэн. ХАБ-ын менежер С.Мөнхбаатар “ХАБ гэдгийг нэн тэргүүнд тавьсан манай компанийн хувьд энэ хэлтэс хамгийн томд тооцогддог. Бидний зорилго нь компанийн болон гэрээлэгч компанийн нийт ажилчид, хүрээлэн буй орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, цацрагийн аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллах явдал юм. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн техник хэрэгсэл, шугам хоолойд хүрч болохгүй, эмх цэгцийг эрхэмлэж хог хаягдал хаяж болохгүй, тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах” гэх мэт зүйлүүдийг танилцуулж хэлэв.

ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ОН ДАРААЛЛААР ҮЗҮҮЛЭХЭД

-2013 Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлэв

-2013 АРЕВА Майнс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав

-2015 Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулав

-2016 Ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов

-2017 Төрийн өмчит Мон-Атом ХХК хувьцаа эзэмшигч болов (34%)

-2018 АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи ХХК болгож өөрчлөв

-2018 Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв

-2020 Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тн болж өсөв

-2021 Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхлэв

   Францын төрийн өмчит “Арева” компани 2018 оноос нэрээ “Орано” болгож өөрчилсөн бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн дийлэнхи хувьцаа эзэмшигч юм. Харин “Бадрах Энержи”-д Монгол Улсын Засгийн газар Цөмийн энергийн тухай хуулийн дагуу автоматаар ямар ч зээл, нөхцөл шаардахгүйгээр 34 хувийг нь эзэмшдэг. Эднийх Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж, хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл болоод байна. “Бадрах Энержи” ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж байгаа нь энэ компанийн үйл ажиллагааны чухал нэгэн салшгүй хэсэг болжээ. Компани нийт 104 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь Монгол ажилчид гэнэ. Түүний ихэнх нь орон нутгийн иргэд. Одоогоор Казакстан, Францаас тус тус нэг мэргэжилтэн ээлжилж үйлдвэрлэлийн туршилт дээр ажилладаг аж. “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь ЗөөвчОвоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (6,260 т) ураны ордын нөөц нь нийлээд 100 мянга гаруй тонн. Энэ нь манай улсад бүртгэгдсэн ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна. ЗөөвчОвоо ураны орд дээр ГДУО/ газар доор уусган олборлох/ технологоор үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна. Туршилтын үйлдвэрийн явцад 100 гаруй ажилчид ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажилчдын тоо нэмэгдэж 1000 хүрэх боломжтой гэдгийг албаны хүн онцолж байлаа. Учир юу гэвээс тэдний харъяа Казахстанд олборлож байгаа Каткогийн ордоос жилд гурван мянган тонн уран олборлодог. Тэнд 1100 гаруй хүн ажилладаг гэнэ. Тиймээс үндсэн олборлолтод шилжихэд 1000 ажлын байр бий болно гэж тооцжээ. Монголд, тухайлбал Дорноговь аймаг дахь уран ордууд нь элсэн чулуун дахь тунамал орд учраас уусган олборлох аргаар олборлоно. Дэлхий нийтээр нийт олборлосон ураныхаа 50 гаруй хувийг газар доор уусган олборлох аргыг ашиглан олборлож байгаа, манайх ч мөн тэр аргаар олборлож байгаа юм байна. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхийг хүслээ, тэр юу гэхээр “Байгаль, байгалийн тогтоц ямар агуу юм бэ” гэдэгт. Учир юу гэвээс уран гэдэг химийн элемент нь газрын гүний 150-200 метрт байрлах ба хоёр талаасаа хаашаа ч нэвчих боломжгүй зузаан шавран үеэр тусгаарлагдан, элсэн чулуун давхарга дунд байрлаж байгаа явдал юм. Тиймээс ч ГДУО аргаар, хамгийн сүүлийн үеийн техник, технологиийг нэвтрүүлэн ажиллаж байгааг хараад иргэдийн ам дамжин яригдаж байгаа тэр сөрөг зүйл яагаад ч байх боломжгүй гэдгийг дахин онцолж хэлмээр санагдлаа. Миний хувьд ч ялгаагүй бусдын адил сөрөг бодолтой байсан ч энд ирээд бодож байсан бодол маань буруу болохыг ойлгосон юм. Олборлолт болон үйлдвэрлэлийн процессыг энгийнээр тайлбарлахад газрын гүнд байгаа элстэй холилдсон ураныг ГДУО аргаар химийн бодис бүхий шингэний тусламжтайгаар шингэрүүлэн тусгай хоолойгоор үйлдвэрлүү татна. Харин үйлдвэрт ирсэн шингэнийг синтетик давирхай бүхий танкаар оруулж давирхайндаа наан ураныг нь ялган авна. Цааш өтгөрүүлэх төхөөрөмжид оруулан өтгөрүүлээд хамгийн сүүлд шахагч төхөөрөмжөөр шар нунтаг болгон тусгай хамгаалалттай битүүмжилсэн торхонд тосон авч хадгалдаг юм байна. Гарч байгаа шар нунтагийн 55 хувь нь одоогоор чийг байгаа юм байна. Үүнийгээ цааш эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болчихвол улс орны эдийн засагт их л нэмэртэй юм даа. Энэ бол зөвхөн хувь хүн миний бодол. Энд хэрэглэгдэж байгаа техник, тенхологи, бүгд уран алдагдахаас хамгаалагдсан. Тухайлбал газрын гүндэх болон үйлдвэрлүү шингэн явж байгаа PVC хоолойнууд, үйлдвэрт хэрэглэгдэж буй техникүүд гэх мэт. Иргэдийн яриад байгаа “Химийн бодистой ус газрын хөрс, ундны усанд нэвтэрч байна” гэдэг ярианд дахин “Яагаад ч тийм байх боломжгүй гэдэг” хариултыг өгмөөр байна. Учир нь олборлолт болон үйлдвэрлэлд хэрэглэсэн шингэн буцаж эргэн зогсолтгүй ажиллагаанд эргэлддэг юм байна. Харин нутгийн иргэдийн хувьд 15-20 метрийн хөрсний уснаас ундаалдаг гэнэ. Дэлхийн хөгжилтэй орнууд болох Австрали, АНУ, Казахстанд ч энэ аргаар уран олборлодог аж. Казахстаны хувьд, тухайлбал “Орано” группийн хамтарсан Катко компани 20 жил энэ аргыг ашигласан бөгөөд хүн малын эрүүл аж амьдрах нөхцөлд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөөгүй гэдгийг тэндээс ирж ажиллаж буй мэргэжилтэн бидэнд ярьж байв. Түүнчлэн газар доор уусган олборлох аргаар уранаа гаргаж аваад ялгаж шахмал болгож буй процессыг харсан хүний хувьд уран алдагдах ямар ч боломжгүй гэдгийг ойлгож авсан юм. Тухайн шахмалаа түлш болгохын тулд дахин хэд хэдэн шатны боловсруулалтад оруулдаг. Боловсруулсан байгалийн уранаа бусад орнуудад зардаг. Байгалийн уранаа тээвэрлэхэд ямар нэгэн асуудал гардаггүй. Яагаад гэвэл тусгай битүүмжлэгдсэн саванд хийж зөөвөрлөдөг. Ачааны машинаар авто замаар, далайд тээвэрлэх бол контейнерт хийж тээвэрлэх зэрэг үйл явц өрнөж болох ч өнөөдрийн байдлаар манай улс хүдрээ боловсруулж, шар нунтаг хэлбэрт оруулсан ч түүнийгээ хаашаа ч экспортлоогүй, хадгалж буй аж.

Цацрагийн хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Тэнгэс “Манай компани үйлдвэрлэлийн туршилтын хэмжээнд ажиллаж байгаа ажилчдынхаа цацрагт өртөж буй буюу мэргэжлийн гадаад болон дотоод шарлагыг байнга хянаж ажилладаг. Гадаад шарлагыг ТЛД гэдэг багажаар хэмждэг бөгөөд тэр нь тухайн хүн дээрээ бүртгэлтэй байдаг. Тэр багажинд бичигдсэн цацрагийн тунг сар бүр архивлан, түүнийгээ 50 жил хадгалах ёстой. Бид түүнээс мэдээллээ авч ажилчиддаа тайлагнадаг. Компани хуулийн дагуу цацрагтай ажиллаж байгаа ажилчдынхаа хяналтыг хийх ёстой. Харин дотоод шарлагын хувьд хуулиар үүрэг хүлээгээгүй ч бид тусгай багажаар хэмжилт хийн түүнийгээ гурван сар тутамд Францлуу явуулж шинжилгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар дотоод, гадаад шарлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн зүйл гараагүй. 2021 онд манай ажилчдын авсан хамгийн өндөр мэргэжлийн шарлагын нэмэлт тун маань 2.4 мЗв байсан нь дэлхийн энгийн иргэдийн байгалаасаа авдаг нэг жилийн дундаж тунтай тэнцүү байсан” гэв. Үйлдвэрээс гараад компанийн дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн талбайг зорилоо. Нөхөн сэргээлт хийх нь уурхай бүрийн хамгийн том үүрэг билээ. Тэр үүргээ орхигдуулаагүй авч яваа нь бас нэг хариуцлага юм. Тэнд очиход түрүү жилүүдэд тарьсан заг ногоорч харагдана. Шинээр мод тарьж буйтай таарч өөрсдийгөө азтай, буянтайд тооцон мод тарих ажилд биеэр оролцож бөөн хөөр болцгоосон юм. 

Ерөнхий агрономич С.Тунгалаг “Бид бүс нутагтаа тохирсон мод тарихаас гадна ховор ургамлуудыг нутагшуулан тарихаар зорьж байна. Нэг үр болгоныг мод болгох гэж тарьдаг. Загийн үрийг намар модноос нь хурааж аваад, хүлэмжид үрслүүлж мод болгож байна даа. Хоёр жилийн дараа энд сайхан заган ой бий болно” гэв.

 Байгал орчны ажилтан О.Батмягмар “Дүйцүүлэн хамгааллын хэмжээнд 2018 онд хүлэмж барьсан. Үрсэлгээг үрээр болон мөчрөөр тарьж ургуулж байна. 2019 оноос хойш гурван мянга орчим заг, хайлаасыг талбай дээр гаргаж тариалсан ба 90-95 хувийн ургалттай байгаа. Энэ жил таван мянган заг, хайлаас тарих төлөвлөгөөтэй, эхнээс нь тариалалтаа хийгээд явж байна даа. Түүнчлэн ганц заг гэхгүй буйлс, хайлаас, сухай гэсэн ургамлыг тариалахаар туршиж байна ” гэж ярилаа. Эдний уурхайн хувьд мод, ургамал тарихаас гадна эндээс 20 гаруй км-ын цаана байх “Дулаан уул” төслийн кэмпийнхээ хажууд мод ургамалтайгаа зэрэгцүүлээд хүнсний нарийн ногоо тариалдаг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643153
0 эможи

keyboard_arrow_up