САЛХИТЫН УУРХАЙН ХААЛТЫН ТӨСӨЛ ЖИШИГ СТАНДАРТЫГ БИЙ БОЛГОНО

2022 оны 8 сарын 30

Arslan.mn

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг эрт төлөвлөж хэрэгжүүлэх нь уурхайг хаах үеийн эрсдэл болон зардлыг бууруулдаг сайн талтайг холбогдох мэргэжилтнүүд байнга анхааруулдаг. Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй  “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”  /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй  “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг  төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн II үе шатны хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах стратегийн талаарх мэдээллийг оролцогч талуудад хүргэх, санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баярбат, CESO суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р. Алтангэрэл болон   УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, МХЕГ, Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ, Чулуут багийн нийтийн хурлын төлөөллүүд оролцсон.

Уг жишиг төслийн нэгдүгээр үе шат 2021 оны есдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд хэрэгжихдээ эрх зүйн орчны шинжилгээ, байгаль орчны төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэрэг суурь судалгаа болон уурхайн  хаалтын зорилго, зорилтыг талуудын оролцоотой боловсруулах ажлуудыг хийжээ.

Төслийн хоёрдугаар үе шат энэ оны зургаадугаар  сараас эхэлж  Канад болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэвтрүүлэх, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах,үндэсний зөвлөхүүдийн багийг /салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн техникийн баг/ сонгон шалгаруулах  ажлыг хийгээд байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал бөгөөд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баярбат уулзалтын үеэр “Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулах, цаашид түүнийг хэрэгжүүлэхэд удирдлагын зүгээс анхаарч ажиллах болно. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд уг сайн туршлагыг нэвтрүүлэх ч боломжтой” гэж хэллээ.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн хаалтын төлөвлөлт хийх стандарт жишиг бий болох сайн талтай гэж УУХҮЯ үзэж байгаа аж. Уул уурхайн  аливаа төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдэд  тухайн төслийн ач холбогдол, зорилгын талаар мэдээлж, оролцогч талуудын хамтын ойлголцлыг бий болгох нь хамгийн чухал тул  уулзалтыг сар тутам зохион байгуулж,  төслийн явц, үр дүнгээ танилцуулан, санал авч хаалтын төлөвлөгөөндөө тусган ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643142
0 эможи

keyboard_arrow_up