Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс 200 гаруй хүнийг чөлөөлсөн
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаарх шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулсан юм.
Тэрээр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийн талаар хэлэлцлээ. УУХҮЯ-наас Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Тус хуульд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааг тодорхой заасан байгаа. Өнөөдрийн байдаар тус компанийн ТУЗ-д нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний олонх нь төрийн байгууллагуудын удирдлага, хэлтсийн дарга нар байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан бүтцийн дагуу дэлхийн уул уурхайн шилдэг корпорацын байдлаар ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг нэмсэн. 12 дугаар сард “Эрдэнэс тавантолгой”-г мөн нэмсэн. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нь төрийн эзэмшилтэй уул уурхайн бүх томоохон компанийг эзэмшдэг холдинг болж байгаа юм. Улмаар компаниудыг зэс металийн групп, нүүрс эрчим хүчний групп гэж хоёр бүлэгт хувааж байгаа. Ингэснээр нэг ТУЗ-аар удирдах боломж бүрдэнэ. Улмаар 200 гаруй ТУЗ-ийн гишүүдийг цомхотгоно. Улмаар 27 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Ингэснээр зардал хэмнэж, үйл ажиллагааг уялдаатай, нэгдсэн бодлогоор явах боломжийг нээсэн.
Үндэсний баялгийн сангийн тухайн хууль нь гаднын 100 гаруй улсын жишгээр Монголын нөхцөлд тохирсон байдлаар хуулийн төсөл болж бичигдсэн. Норвегийн баялгийн санд тэтгэврийн сан гэж бий. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл хэлэлцэгдээд, хууль хэрэгжүүлэх явцад Норвегийн тэтгэврийн сангаас гаднын зөвлөхийг авч ажиллуулах боломжийг олгосон" гэв.