Гашуунсухайт боомтын уртын тээврийг ЭХЛҮҮЛЛЭЭ
Энэ сарын 24-ний 22:00 цагаас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК-иудын уурхайгаас уртын тээврийн хэрэгслэлүүдэд ачилт хийж нийт 4 цуваа 89 ачаатай нүүрс тээврийн автомашин “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн авто замын Шалган нэвтрүүлэх 1-р цэгээр нэвтэрлээ. Өнөө өглөөний /2022.05.25/ 09:00 цагийн байдлаар тус замын Шалган нэвтрүүлэх 3-р цэгийн ариутгалын хаалгаар 73 тээврийн хэрэгслэл нь нэвтэрсэн тухай “Гашуунсухайт авто зам” ХХК-иас мэдээллээ. Бусад ачаатай нүүрс тээврийн автомашинууд замдаа болон Цагаан хадны 121-р пост дээр лац хийлгэн нэвтэрч байгаа ажээ.
Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа, Шуурхай штаб, “Гашуун сухайт авто зам” ХХК-иуд уртын болон богинын тээврийн хэрэгслэлийн жолооч нарыг хавьтал үүсгэхгүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
“Гашуун сухайт авто зам” ХХК авто замын Шалган нэвтрүүлэх цэгүүдээр нэвтэрсэн тээврийн хэрэгслэлийн мэдээллийг Шуурхай штаб руу, харин түр зогссон ба эвдэрсэн тээврийн хэрэгслэлийн мэдээллийг хариуцсан уурхай, тээврийн компаниуд руу нь хүргэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж байна. Шалган нэвтрүүлэх цэгээр өдөрт уртын тээвэрт 100, богинын тээвэрт 500 машин гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.