Эдийн засаг эргэн сэргэх боломжийг “ОЮУТОЛГОЙ”-н гүний уурхай олгоно

2022 оны 1 сарын 31

Arslan.mn

Оюуолгойн ордын нийт нөөцийн 80 хувийг 1.3 км-ын газрын гүнээс олборлоно. Энд ордын хамгийн өндөр агуулгатай үндсэн үүц бий. Хэдийгээр Оюутолгой ордын ил уурхайг ашиглаад 10 орчим жил болсон ч жинхэнэ ордоо ашиглах анхны тэсэлгээг дөнгөж л өнгөрсөн мягмар гарагт  ёслол төгөлдөр хийлээ. Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талууд нэгдсэн ойлголцолд хүрч, гүний уурхайн олборлолтын огтлох малтлагыг ийнхүү эхлүүлсэн нь манай улсын эдийн засагт төдийгүй хөрөнгө оруулагчдад нэн таатай мэдээ болж хүрлээ. Энэ бол Монгол Улсын түүхэнд тодоор үлдэх онцгой өдөр хэмээн олон улсын хэвлэл мэдээлэл онцолж байна.

Хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн, тодорхой бус байдал ноёлсон эдийн засаг, бизнесийн орчин өнөө гутранги. Хүмүүсийн харц хүртэл гуниг дүүрэн. Ийм хүнд цагийг цар тахалтай хамт бид элээж байна. Хямралын давлагаанд живчихгүйн тулд Оюутолгой, Тавантолгойд итгэл тавьж яваа. Ийм үед Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатыг эхлүүлсэн нь эдийн засаг эргэн сэргэх боломж юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний иж бүрэн технологи нэвтрүүлсэн уурхайтай болно” хэмээв. Зэсийн эрэлт хэрэгцээ дэлхий нийтэд нэмэгдэж буй учраас 100-120 жилийн нөөцтэй Оюутолгойн гүний уурхайн ач холбогдол цаашид ч улам бүр өсөх нь тодорхой. Тиймээс ч хөрөнгө оруулагч хийгээд хувь нийлүүлэгч талууд ойлголцож, ажлаа бизнесийн алтан дүрэм болсон харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар урагшлуулахыг өнгөрсөн хугацаанд хичээсэн. Үр дүнд нь гүний уурхай урагшилж, ашиг орлогын үүд наашиллаа.

Ирэх жилээс гүний уурхайн үйл ажиллагаа бүрэн жигдэрч, борлуулалтаасаа таван тэрбум ам.доллар олох бол улсад төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Оюутолгойн ил уурхай жилдээ 150-160 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэж байгаа бол далд уурхай ашиглалтад орсноор 500 мянган тонн буюу хагас сая болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн олборлолт даруй 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ил уурхайн хүдэрт нэг хувь хүрэхгүй агууллагатай зэс байдаг бол далд уурхайд 1-3 хувь байдаг гэж үздэг. Энэ нь бага хүдрээс их орлого олох боломжтой гэсэн үг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлийн томоохон тоглогч төдийгүй жин дарах хэмжээний оролцогч болж, эхний аравт дотор орж ирэх юм. Гний уурхайн үйлдвэрлэлийн үе шатанд шилжсэн нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засаг сэргэх, дараа дараагийн төслүүд урагшлах дохио болон хүрч байна.

 

Дэлхийн зэсийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээгээ гүйцэхгүй байх таамгууд гарсан. Одоогийн байдлаар дэлхийн зэсийн олборлолтын жилийн нийт хэмжээ 25 сая тонн. Үүний 15 хувийг Чили улс дангаар хангадаг бол  Перу 8 хувийг хангаж байна. Ард нь Хятад, Конго, Замби улс орж байгаа юм. Монгол Улсын хувьд “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл жигдрэх үед эхний тавд орно гэж төлөвлөж байгаа ч юун түрүүнд олборлолтоор тэргүүлэгч 10 улсын нэг болох боломжоо энэ удаад нээж, баталгаажууллаа.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын хэлснээр Оюутолгой үйлдвэрлэлийнхээ оргил үед жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ. Тэгэхээр дэлхийн хэрэгцээт зэсийн 2 хувийг үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, Цагаан суваргын ордыг ашиглаад Эрдэнэтийн баяжмалыг нэмчихвэл эхний тав руу ороод ирэх боломжтой” хэмээн  “Рио Тинто” компанийн Зэсгийн группийн захирал Б.Болд хэлсэн. Боломж байна. Хамгийн чухал нь дэлхийн хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчидтэй олон улсын хэмжээнд харилцан хамтарч, түншилж, бизнесийн зарчмаар хамтдаа урагшлах дараагийн үүд хаалга нээгдлээ. Энэ нь Монголын үе үеийн Засгийн газрын алдаа, оноотой бодлого, шийдвэрийн үр дүн юм. Гол нь хөрөнгө оруулагчийг мөнгө гэж харахаасаа өмнө улс орны эрх ашиг, харилцан ашигтай байх зарчмыг нэн тэргүүнд тавих ёстойг өнгөрсөн 14 жилийн үйл явц бидэнд харууллаа. Олон зүйл дээр туршлага дутлаа, бас туршлагатай ч болж авлаа.

Оюутолгойн далд уурхайг 2006 оноос хойш барьж  эхэлсэн бөгөөд нэгдүгээр аманд босоо 1300 км,  хөндлөн 200 гаруй км нэвтрэлт хийгдсэн. Газар доор 200 км бүтээн байгуулалт хийгджээ. Гүний уурхайд өнөөдөр 900 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаагийн 96 хувь нь монголчууд. Тэнд 300 гаруй уул уурхайн томоохон тоног төхөөрөмж, машин аюулгүй ажиллагааг өндөр түвшинд ханган ажиллаж байна. Далд уурхайг ашиглах дэлхийн туршигдсан аргуудаас Оюутолгойд блокчлон олборлох аргыг ашиглаж,  уурхайчид 12 цагийн хоёр ээлжээр 365 хоног ажиллана. Уурхайчин залуус хамгийн сүүлийн үеийн өндөр технологитой энэ уурхайд олон зүйлд суралцаж, дараа дараагийн уурхайчдын багш болон бэлтгэгдэж байна.

 

Тэгвэл өнөөдөр Оюутолгой бидэнд өгөөжтэй байна уу гэдэг асуулт байнга гарч ирдэг. “Оюутолгой” компанийн 2021 оны дөрөвдүгээр улирлын тайлангаас харвал өнгөрсөн жил ил уурхай 84.9 сая тонн хүдэр олборлож, 39,1 сая тонн хүдрийг баяжуулж, 749.6 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Нийт 163 мянган тонн зэс, 468 мянган  унц алт, 977 мянган унц мөнгө экспортод гаргажээ. Мөн үндэсний худалдан авалтад 606 сая ам.доллар, орон нутгаас 216 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна. Төсөвт 700 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөгийн орлого оруулсан бол өнгөрсөн 10 жилд 3.8 тэрбум ам.долларыг татварт төлжээ. Эдгээр тоонууд ирэх жилүүдэд нэмэгдэнэ. Төсөв болон татварт эзлэх байр суурь нь тэлнэ.

Оюутолгой бол Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллах, гэрээ хэлэлцээрт хэрхэн анхаарах зэрэг олон асуудлыг хөндсөн түүхэн сургамжит төсөл болж байна. Цаашид бидэнд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах олон олон “Оюутолгой” бий. Гэтэл 10 гаруй жил “явчихсан” төслийнхөө тэг гараан дээр эргэж буцаж зогсоод байвал хэрхэн урагшлах билээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээ, гаргасан шийдвэрүүд дараа дараагийн Засгийн газарт том жишиг тогтоов.

Ямар ч байсан Ерөнхий сайдын хэлээд байснаар эдийн засагт үүр хаяарлаа. Харин хаяарч байгаа үүрийг аз жаргалтай өглөө, амжилт бүтээл дүүрэн өдөр, өгөөжтэй үдэш болгох эсэхийг бид өөрсдөө шийдвэрлэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634168
0 эможи

keyboard_arrow_up