“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төлөвлөлтийн талаар танилцууллаа

2021 оны 11 сарын 16

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл нар өнөөдөр “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо.

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болон холбогдох бусад мэдээллийг танилцуулав. 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрс борлуулалтын гүйцэтгэл 107.9 хувьтай, уулын ажлын гүйцэтгэл 118.1 хувьтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй үнэлгээтэй байгаагаа онцлов. “Багануур” компанийн хувьд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 3 багц 47 төрлийн ажил төлөвлөснөөс арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд бүрэн дууссан 38 ажил, хийгдэж байгаа 6, хойшлуулсан 3 ажил байгаа юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Цахилгааны үнийг тэглэн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрс борлуулалтын захиалга өссөн учраас уулын ажлын бүтээмж, цаг ашиглалтаа нэмэгдүүлэн оны эцэст 349.4 мянган метр куб, хөрс хуулалтын ажлыг илүү гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны сүүлээр хөрс хуулалт 104 хувь, уулын цул 104.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ажилчдын нийгмийн хангамж, цалинг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсэж байгаа тухай хэллээ.

Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог хангах, нүүрсний илчлэгийг сайжруулах, нүүрсний худалдан борлуулах суурь үнийг уян хатан зохицуулах, техникийн шинэчлэл хийх зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатайг ч дурдлаа. Мөн “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 мВт-ын цахилгаан станц нь компанийн цаашдын алсын хараа, үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал ажил болохыг энэ үеэр онцолж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудын зүгээс “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулах талаар санал солилцов. Түүнчлэн охин болон хараат компаниудын санхүүгийн ил тод байдлыг онцгойлон авч үзэж, шилэн болгох, өртгийг багасган санхүүгийн сахилга баттай байх, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Мөн нүүрсний бусад уурхайнуудтай болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, тэр дундаа өртгийг бууруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тодотголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632726
0 эможи

keyboard_arrow_up