Төрийн тахилгат ууланд олгосон ЛИЦЕНЗҮҮД-9
Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрханы нэг нь их говийн үзэсгэлэнт
Говь гурван сайхан уул. Түүнийг тойрсон бүс нутаг өмнийн говийн байгалийн үзэсгэлэн, баялгийн “баян бүрд” цогцолсон газар юм. Тогтоцыг нь авч үзвэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нуруунаас бүрдэж, Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн сумын нутгийг дамнан оршдог. Хамгийн өндөрлөг цэг нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метрт оршдог. Алдарт Ёлын ам энэ ууланд байдаг. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Төрийн тахилгат уул болгосон. Үүнээс өмнө буюу 1993 онд баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан байдаг. Хавар, намартаа хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэлцдэг энэ газарт дөрөвдүгээр сарын сүүлчээр бүйлс монгол сазура цэцэглэж, аргаль янгирын сүрэг бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олдвор олдсон газруудтай. “Улаан ном”-д орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газруудад сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж байна.
Тус нутаг архелиогичдын сонирхлыг эртнээс татсан, тодруулбал 1922-1925 онд Р.Ч.Эндрюсийн удирдсан экспедиц Хаалганаас Өргөө, Мишиг гүн, Сайн ноѐн ханы өргөө, Таацын Цагаан нуур Бага Богд, Говийн Алтайн нурууны Гурван сайхан, Баянзаг, Сайр-Ус хаалган, 1923 онд Хаалган, Баянзаг, Таацын цагаан нуур, Бага Богд, Хаалган, 1925 онд Хаалган, Баянзаг, Орог нуур, Их Богд, Баянзаг, Хялга, Хөх хотын замаар, Борзон гэсн замаар аялсан байдаг. 1940-өөд оноос, Монголын анхны үндэсний археологичид гадаадын судлаачидтай хамтарсан болон бие даасан судалгаануудыг хийж , 1957 онд Х. Пэрлээ Өмнөговь аймгийн Долоон, Цогтцэций, Аргалант, Номгон, Ханхонгор, Мандал-Овоо сумдад хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэсэн түүхтэй. Монголын үеийн булш бунхан олонтойн дээр хожмын судлаачид Гурван сайханы нурууны хойд болон өмнөд талаас олон арван чулуун зэвсгийн дурсгал илрүүлсэн байдаг. Сүүлд Оюутолгойн санхүүжилтээр хийсэн соёлын өвийн судалгааны тайлан гарсан ч тоймтой зүйлүүд дурдаагүй. Харин “Говьд аялал жуулчлал хөгжүүлэхэд учир дутагдалтай” гэсэн мессэж өгөхөд түлхүү чиглэсэн санагддаг. Үүнтэй санал нийлэхгүй хүн байхыг үгүйсгэхгүй, дээрх тайланг үзье гэвэл цахим орчинд нээлттэй байгаа нь олзуурхууштай.
Сүүлийн 10 гаруй жил говийн үзэсгэлэнт байгаль эрсдэлд орж, усны нөөцгүй болох аюул нүүрлэсэн. Оюутолгойн ордыг ашиглах болсноор гүний усны нөөц шавхагдахад хүрч, Тавантолгойн нүүрс тээврийн зам байгаль орчныг доройтуулж байгаа талаар судлаачид бишгүй дуугарсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Өмнөговь аймгийн төвд усны асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Харамсалтай нь эрх баригчид үл тоомсорлож, зөвхөн аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид энэ хэлэлцүүлгийг санаачилж ач холбогдол өгсөн байдаг. Тавантолгойн замыг сайжруулах асуудал бол мөнхийн сэдэв болж, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд очоод ч асуудлыг нэгмөр шийдэж чадалгүй явж ирсэн.
Газар нутгийн онцлог, байгалийн баялаг, түүхийн чухал олдворуудын талаар дээр товч дурдсанаас энэ бүс нутгийг яагаад хамгаалах ёстой вэ. Дархан цаазат, байгалийн цогцолбор газрыг бүрэн бүтэн байлгаж, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой гэсэн санаа бага ч гэсэн ойлгогдож буй болов уу. Мөн тахилгат уулаа тахиж шүтэж чадахгүй баялгийн шунахай наймаачдын гарт өгч ирсэн Монгол төрийн эмгэнэл энд бугшиж, байгаль хамгаалагчийн аминд хүрсэн жигшүүрт явдлыг монголчууд мартах учиргүй юм.
Тус уулыг төрийн тахилгат болгосон Ерөнхийлөгчийн зарлиг, тусгай хамгаалалттай цогцолбор газар болгосон Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүдийг зөрчиж их говийн баян бүрд, дэлхийд нэн ховор ургамал, амьтны аймаг бүхий эко системийг сүйтгэн “Сауд гоби коэл транс” хэмээх компани олборлолт явуулж ирсэн түүхтэй. Энэ бол Монголын төр төрийн тахилга, байгалийн цогцолбор газарт авсан гэх нэрээр ард түмнээ төөрөлдүүлж уул уурхайн олз ашиг хайгчдын гарт өгч мөнгө хүүлж ирсний бас нэгэн жишээ. “Сауд гоби коэл транс”-ын лицензийг цуцлуулахаар өмнийн говийнхон, иргэний хөдөлгөөнүүд, байгаль хамгаалагчид олон жил тэмцсэн. Эцэст нь зөвшөөрлийг хүчингүй болгож улсын тусгай хамгаалалт авах шийдвэрийг төр, засгаас гаргуулж чадсан. Ингэснээр Говь гурван сайхан уул, Тост, Тосон бумын нуруу бүрэн хамгаалагдаж чадсан уу гэдэг асуултад нутгийн иргэд “ БНСУ-ын хөрөнгө оруулалттай "АГМ майнинг” хэмээх компани олборлолт явуулсаар байгаа гэх хариултыг өгч байв. Энэ компани тус аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны Алтан уул орчимд МV-014917 дугаартай Торомхон, МV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, МV-020519 дугаартай Тамгатын зэс, цайрын орд (Шанд I) гэсэн 3-4 ашиглалт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв. Алтан уул бол хэзээнээсээ алтны нөөц ихтэй гэж яригддаг. Тост, Тосон бумбын нуруу бол байгалийн нөөц газар, Говь гурван сайхан дархан цаазат газрын зааг дахь монгол орны говийн гайхамшигуудын нэг Нэмэгтийн хөндийн эхэнд оршдогоороо онцлог. Гэтэл төр, засгийн хараа хүрэхгүй, нутгийн удирдлагуудын мэдэл хүрэхгүй, байгаль хамгаалагчид нь ус балгасан мэт дуугарахаа байсан тул иргэд, малчид гарын үсэг цуглуулж тэмцсээр өнгөрсөн намар 2020.9.4 Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус компанийг шалгасан ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болохыг тогтоосон байдаг. Энэ явдлаар говийнхон болоод монголчууд “одоо болчихлоо” гээд сэтгэл амарч бас болохгүй юм. Лицензээ цуцлуулсан уул уурхайн компаниуд эргээд шүүхийн шатанд асуудал тавьдаг. Их төлөв зөвшөөрлийг нь сэргээсэн шийдвэрүүд гардаг. Шүүх нь хүртэл худалдагдсан, бүлэглэлд үйлчилдэг тогтолцоонд бид амьдарч байна. Тиймээс Говь гурван сайхан уулын орчим дахь ашигт малтмалын лиценз авсан компаниуд улс төрийн нөхцөл байдал, өөрсдөд ашигтай үеийг хүлээж байгаад “амилах”-ыг үгүйсгэхгүй.
“Төрийн тахилгат уулганд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд бид зарлигаар дархлагдсан 10 уул бүрэн бүтэн байж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөн бичиж ирсэн юм. Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Харин ч тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угааж, анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайдаг нь харагдаж байгаа юм. Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол төр гэж тоглох хэрэг байна уу. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд нь хэрэгжиж магадгүй.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)