Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журмыг баталлаа
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай”тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”баталсныг хавсралтаар хүргүүлж байна.
Эрүүл мэндийн яамнаас ажилчдын PCR шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөрийг тодорхойлж ирүүлмэгц, шинжилгээ өгөх хуваарийг та бүхэнд хүргүүлэх тул ээлж солих бусад бэлтгэлийг хангаж байхыг нийт аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж байна.
PCR шинжилгээг өгсөн ажилтан халдвараас хамгаалах дэглэмийг хатуу баримталж, бусадтай хавьтал үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгж бүр анхаарч, тодорхой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.
Ээлжийн ажилчдын автобус, унаа бүрд дараах шийдвэрүүдийн хуулбарыг авч явах; Үүнд:
- УОК-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаал,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаал,
- Тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын ээлжинд гарч буй ажилчдын жагсаалт бүхий шийдвэр,
- Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журамтай танилцсан ажилчдын гарын үсэг бүхий жагсаалт,
- Ажилчдын асуумжийн хариу,
- PCR шинжилгээний хариу
- Ажилчид иргэний үнэмлэх болон ажлын пропускаа биедээ авч явах.
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабт ээлж солих хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын PCR шинжилгээнд хамрагдах хуваарийг УУХҮЯ болон АМГТГ-ын вэб сайтаар тун удахгүй зарлах болно.
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА