ХИЙН ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙГ БАЙГУУЛЛАА
ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа.
Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.
Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов.
Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв.
Тэрбээр,
Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм.
Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.
Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэв.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.