Уурхайн нурангад дарагдсан иргэнийг 83 метрийн гүнээс эсэн мэнд гаргажээ
Хэнтий аймгийн Бэрх тосгонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж уурхайн ажилчид болох иргэн “Б” 19 настай, эрэгтэй, “Х” 27 настай, эрэгтэй нар нурангад дарагдсан байна.
Уг тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Тэгвэл өчигдөр /2020.08.16/ 19 настай Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүргэсэн бол өнөөдөр /2020.8.17/иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.