БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг цементийн үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, тус яамны Барилга, барилгын материалын бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, холбогдох дарга, мэргэжилтнүүд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, тус холбооны төлөөлөл цементийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай 7-р сарын 22-ноос 23-ны өдрүүдэд танилцлаа.
Монгол Улсын хэмжээнд цементийн таван үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн жилийн нийт хүчин чадал нь 4,05 сая тонн юм. Манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.5-2.0 сая тонн байдаг.
Өнөөдрийн байдлаар “МАК Цемент” ХХК, “Монцемент билдинг материал” ХХК, “Налгар түшиг” ХХК, “Хөтөлийн Цемент-Шохой” ХК-иудын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдгээр үйлдвэрүүд нийт 0,76 сая тонн цемент үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн байна.
Манай улсад өрнөж буй томоохон төслүүд болох Оюу толгой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад өдөрт 1200 орчим тонн цементийг уг үйлдвэрүүд нийлүүлж байна.
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж тулгамдаад байгаа асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлд танилцуулж, бодлогоор дэмжихээ илэрхийллээ.
Дашрамд дурдахад цементийн үнэ өссөн шалтгааныг цементийн үйлдвэрүүд дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Эрчим хүчний цахилгааны тариф болон төмөр замын тээврийн тариф нэмэгдсэн, төмрийн хүдэр, нүүрсний үнэ өссөн. Мөн эрчим хүч тасалдаж үйлдвэрийн горим алдагдах, үйлдвэрлэсэн цементийг төмөр замаар тээвэрлэхэд “крытый вагон”-ны хангалт их дутмаг байгаа нь шууд нөлөөлсөн. Дэлхий дахинд Соvid -19 цар тахал гарч хөл хорио тогтоож дотоодын ажиллах хүч шилжилт хөдөлгөөн хийхэд хүндрэл үүсч үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх цаг хугацаа хойшлогдох, гадаад улсаас ирж ажиллах мэргэжилтэн, ажилчдын хомсдол үүсч зарим үйлдвэр ажиллах боломжгүй болсон шалтгаанаас цементийн хомсдол, үнийн хөөрөгдөл зах зээл дээр үүсч байгааг дурдлаа.