Б.Ганхуяг: Нүүрсний экспорт энэ сарын 15-наас өндөржүүлсэн бэлэн байдлын дор хийгдэж эхэлнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “"Эрдэнэс Тавантолгой" ХК нэгдүгээр сараас хойш 1.6 сая тонн нүүрс экспортолсон. Хоёрдугаар сард экспорт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөөнөөс хол тасраад санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Компанийг өргүй болгож, хөл дээр нь босгосон шигээ бид хөгжлийн замаар нь саадгүй хөтлөөд явна. Иймд Одоогийн Эрдэнэс тавантолгойн ХК-ийн багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Гуравдугаар сарын 15-наас өмнө болон хойш экспорт эхлэхгүй тохиолдолд эрсдэл үүснэ. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу гуравдугаар сарын 15-наас экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханга гэсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалтай тусгай хяналтын дор зохион байгуулж гарах зардлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрөө хариуцна.
Тус өдрөөс тээврийн жолооч нар ажилдаа орно. Ингэхдээ хил давахдаа зөвхөн цонхоороо бичиг баримтаа өгөх ба жолооч өөрөө буухгүйгээр нүүрсээ буулгаад буцаж ирэхээр богинын тээврийг үргэлжлүүлэх саналыг УОК-т бид холбогдох мэдээллийн дагуу хүргүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл гарч байна. Надад өөрийн эзэмшлийн портер машин байхгүй, бэлэн мөнгө байхгүй. Тэр яриад байгаа Тагнуулын ерөнхий газрын нэр бүхий хүнтэй ямар ч холбоогүй ба танихгүй. Ширхэг ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг би хариуцлагатайгаар хэлье." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|