Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Байгаль дэлхийг өчүүхэн ч энэрэх сэтгэлгүй сэндийчиж, хүн, мал идэх өвс, гишгэх газаргүй тарчилж байгааг Монголын төр 20-оод жил “харж” байна. Цэлийгээд л угтдаг Цэнхэр сум, баян тансаг Орхоны хөндий өнөөдөр дайны дараах балгас болж хувирчээ. Тэнд алдарт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч алтны компаниудын  шуналаар таван гол ширгэж үгүй болоод байна. Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг сэндийчиж буй алтны компаниудын балгаар Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга боллоо.

ХҮН АМЬДРАХ НЬ БИТГИЙ ХЭЛ МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ СӨӨМ ЗАЙ ҮЛДСЭНГҮЙ

Уул уурхайн нөлөөгөөр голуудын гольдрол өөрчлөгдөж улаанаараа эргэсэн бохир ус Орхон гол руу цутгаж буйг нутгийн иргэд батлан хэлж байгаа юм. Уул, ус, ургамал, ногоо, ан амьтан, самар, жимсээр арвин баялаг Орхоны хөндий уул уурхайд идэгдэж хүн амьдрах нь битгий хэл мал бэлчээрлэх сөөм зай үлдсэнгүй.

Хотоос 500 гаруй км яваад Орхоны хөндийд очно. Гэтэл зам зуур Цэцэрлэг багаас эхлээд л алтны компаниудын том тэрэгний мөр ногоон зүлгийг энд тэндгүй сийчиж, олон салаа зам гаргажээ. Уулын өөд уруу, өвөр бэлгүй талхалсан гүнзгий шарх бүхий зам бороотой үед машин ч явах аргагүй болтол гацдаг бололтой хаа сайгүй шаварт суусан машины мөр зурайна. Ийнхүү энхэл донхол замаар явсаар Өлтийн гол руу өнгийвөл нүдэндээ итгэхэд бэрх дүр зураг угтлаа. Ёстой л байгаль дэлхий үг хэлдэг бол орь дуу тавин хашгирч байх шиг. Даанч 20-оод жил өр, зүрхээ сэндийчүүлсэндээ дуугарах ч тэнхэлгүй болчихоод байна уу гэлтэй.

Өлтийн голын хөндийгөөс эхлээд Улаанчулуут, Харгуйт, Шийртийн хойд салааг ч тэр аяар нь бүсэлсэн уурхайн компаниудын том тэрэгний дуу чимээ, хөл хөдөлгөөн гээд ойр хавийн 30 км-ийг бүрхсэн багахан хэмжээний суурин бий болжээ. Уулын бэл дагасан нарийн жим дагахгүй л бол хаа сайгүй ухсан хэдэн метр гүн нүхэнд унаж мэдэхээр. Дээр нь голын ус улаанаараа эргэлдэж, яг л төөрдөг байшин шиг бүгчим мөртлөө хүйтэн, тавгүй мэдрэмж төрүүлнэ. Улаанаараа эргэлдэх ус, нунтаг шар шороон дундаас өвс хайсан мал ийш тийшээ гүйлдэж, гольдрол нь өөрчлөгдөж судас шиг нарийхан болсон голын уснаас тамшаалах нь өр өвдөм.

Өлтийн голыг уруудвал зай завсаргүй үргэлжлэх алтны компаниудын эзэмшил бүхий цэг, дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станц, хоолны газрууд  таван алхмын зайтай эгнэжээ. Барааны үнэ ханш хотоос даруй 2-3 дахин өндөр. Ундаа 4000, бэлэн гоймон 3000, Болор архи 29 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин шатахуун литр нь 2200 төгрөг байна. Цэгээр “энгийн” иргэд дураараа орж гарч болохгүй. Хаашаа хэнтэй уулзах гэж яваа, аль компанийнх гэдгийг нарийн асууж байж нэвтрүүлнэ. Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн том газрыг хашаалсан Өлзийтээлийн уурхайн харуул хамгаалалт тэр дундаас хамгийн чанга нь. Биднийг дотогш нэвтрэхийг хүсэхэд хамгаалалтын залуу богино долгионы станцаар “дээшээ” хэдэнтээ холбогдов. Цаанаас “Уулзах хүн байхгүй” гэх зандрангуй дуу хадах аж. Энэ мэтээр хэдэн зуун жил нутаглаж ирсэн хүн зон байгаль дэлхийдээ дураараа нүүж суух ч эрхгүй болсон нь харамсмаар. Уул уурхайн бүсийн зай завсарт буусан малчдын ярьснаар лицензтэй талбай руу нэвтрүүлэхгүй гээд нүүж суухад нь хориг тавьдаг. Компаниуд алт угаасан бохир усаа шууд гол руу урсгадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол улаанаар эргэх болсон гэнэ. Орхон багийн 1200 гаруй өрхийн 20-30 хувь нь энэ нутагт аж төрж байсан ч малаа өсгөж үржүүлдэг гол хөндийг нь ухснаас мал бэлчээрлэх газаргүй болж дайжжээ. Харин цагаан идээгээ алтны компаниудад борлуулж, хаягдал шороо угаах зэргээр амь зуудаг цөөн хэдэн өрх бууриа сахин үлдсэн байна.

НӨХӨН СЭРГЭЭСЭН ГАЗАРТ ӨВС, УРГАМАЛ УРГАХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРЧЭЭ

Алтны компаниуд Орхоны хөндийг хүрээлсэн 30 км газар, 1000 га газрыг сүйтгэж байна. Тус бүс нутагт “БМНС”, “Монгол газар”, “Голден хаммер”, “Алтай гоулд”, “Батбродерс”, “Эм Жэй Эйч”, “Шиншие Монголиа” гэсэн долоон компани  үйл ажиллагаа явуулж байгааг байгаль орчны төлөөх ТТБ-ууд салбарын сайд, тойргийн гишүүдэд хүргүүлсэн мэдээлэлдээ дурдсан байдаг. Гэтэл эдгээр компаниас гадна зөвшөөрөлгүй 20 гаруй жижиг компани үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэдийн хэлснээр зөвшөөрөлтэй компаниуд лицензийн талбайгаа жижиг компаниудад хэсэгчлэн зардаг гэнэ. Уурхайд 1000-аар тогтохгүй хүн ажиллаж байна. Том компаниуд 100 гаруй, жижиг нь 20-50 хүн ажилладаг юм байна.

1999 оноос эхлэлтэй алтны компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяхдаа нэг удаа хууль журмын дагуу нөхөн сэргээлт хийсэн удаагүй. Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2-3 машин шороо асгачихаад явдаг талаар нутгийн малчин Болд “МУИС-ийн багш нар Германы эрдэмтэдтэй хамтран нөхөн сэргээсэн гэж ярьдаг газруудын хөрсөнд шинжилгээ, судалгаа хийсэн. Судалгаагаар тус бүс нутагт ургамал, өвс ургах ямар ч боломжгүй гэдэг хариу гарсан байна лээ. 20-30 жилийн дараа тоосжилт явагдаж байж л энэ газар байгалийнаа жамаар сэргэнэ. Тэд ухсан, сэндийчсэн газраа хайрга, өнгөн хөрс, гадаргын улаан шороогоор бүрхээд орхидог. Тийм газарт яаж өвс ургах билээ. Уг нь хар шороо ашиглаж нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл энэ хавьд хар шороотой эрүүл хөрс үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Алтны компаниуд  ус цэвэршүүлэх байгууламжгүй. Ус ашиглалтын төлбөр тавигдаагүй. Нөхөн сэргээлт хийх, хариуцах эзэн одоо болтол алга. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй” гэж ярьсан юм.

Уул уурхайн ойр нутагладаг айлууд хаа холоос ундны усаа зөөдөг бол мал, амьтад алт угаасан ус уудаг байна. Зарим бүл чадал муутай айлууд алт угаасан усыг саванд тунгааж байгаад ундандаа хэрэглэдэг. Үүнээс болж гэдэс дотрын гүйлгэлт, суулгалтын өвчлөл нэмэгдэж байнга эмч дууддаг гэх хүмүүс таарсан юм. Мөн нинжа нарын дунд үйл ойлголцол үүсч ямар нэг хэрэг гарлаа гэхэд тухайн хэсгийг хариуцдаг цагдаагүй гээд төрийн нүд, чихэнд илхэн ч бодлого, шийдвэрээс орхигдсон баян хангайг энэрдэг хүн алга.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.13  МЯГМАР  №160  (6127) 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
1
606718
7 эможи

Эмгэнэгч
2019-08-14 07:33
Урт нэртэй хуулийг нэн даруй сэргээе. Бохирдсон гол горхины усыг нутгийн иргэд хэрэглэхээс аргагүйд хүрсэн юм бол . .
Зочин
2019-08-13 12:17
сонирхолтой
keyboard_arrow_up