“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн ажилтнуудад зориулан дугуйн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд тухайн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг "Tyre Technical Mongolia” компанийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд амжилттай оролцсон ажилчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулан өгөв.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу 22 дахь жилдээ сургалт зохион байгуулж буй Австрали улсын сургагч багш Майкл Смолл хэлэхдээ "Өмнө нь 2013 онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдад энэхүү сургалтыг явуулж байсан. Дугуй засварын ажилчид мэргэжлийн ур чадварын хувьд илүү сайжирсан байна” гэсэн юм.
Сургалтад оролцсон ажилчдын төлөөлөл болох Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн дугуйн мастер Д.Мөнхжаргал "Маш үр дүнтэй сургалт боллоо. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийт зардлын тодорхой хувийг дугуйн засвар үйлчилгээтэй холбоотой зардал эзэлдэг. Сургалтад хамрагдсанаар тэрхүү зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад компанийн цэвэр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм гэдгийг ойлголоо” гэв.
Эх сурвалж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК
|