Даварсан Заамарын алтныханд “даруулга” өгье
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж буй.
Тус суманд аврах ажиллагаа явуулж буй аврагчид өчигдөр 13.00 цагийн орчимд дахин нэг иргэний цогцсыг гаргасан талаар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн бямба гаригийн 19.04 минутанд нэг иргэний цогцсыг ил уурхайн нурангаас гаргаж авсан бөгөөд одоогоор хоёр иргэний цогцсыг гаргаж аваад байна. Харин нурангид дарагдсан үлдсэн хоёр иргэнийг гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийг амьд гаргаж авах ямар ч боломжгүй аж. Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн бөгөөд өөрөөр хэлбэл, хүн дарагдсан байгаа хэсэг усаар дүүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан юм. Нурангид дарагдсан иргэдээс тухайн осол гарсан өдөр буюу 16.05 цагт тус уурхайн ажилчин Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ.
“Эко Алтан заамар”-т гарсан нуранги нь хөрснөөс биш тус уурхайн хана нь нурснаас үүдсэн осол аж. Өөрөөр хэлбэл, тус уурхайн аюулгүй ажиллагаанаас шууд хамааралтай гэсэн үг юм. “Мөн уг осол газар хөдлөлтөөс бий болсон гэж ярьж байгаа ч нутгийн иргэдэд газар хөдөлж байгаа зүйл мэдэгдээгүй юм. Харин Булган аймгийн Бүрэгхангай суманд болсон хэд хоногийн өмнөх газар хөдлөлтийг Заамар суманд болсон мэт холбож ярьж байна. Тэмдэглэгээн дээр нь Бүрэгхангай суманд газар хөдлөлт болсон гэж байдаг юм билээ. Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэн ажилчдынх нь амь нас хохирсон тул газар хөдлөлтэй холбож хариуцлагаас бултах гэсэн нэгэн арга болов уу гэж харж байна” хэмээн “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван хэлсэн юм.
“Эко Алтан Заамар” нь 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний эл үйл ажиллагааны доголдоос үүдсэн ажилчдын амь нөгчих зэрэг гарз, хохирол үүгээр дуусахгүй аж. Ш.Энхтайвны хэлж байгаагаар өнгөрсөн онд л гэхэд эксковатараас хатуу биет үсрэн талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан уурхайн ажилтны цээжин тус газар онож, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл, тус уурхайд он улираад л хэрэг гардаг халтай, халгаатай газар гэнэ. Уг нь тухайн осол гарах үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус уурхайд шалгалт явуулж таарсан юм билээ. Гэхдээ уг хэрэг тус ажлын хэсгийнхэнд ч мэдэгдэлгүй газар авалгүй нам жим болсон юм байна. Бүр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсгийн шалгалтаас хүртэл нуугаад өнгөрч чадсанаас нь харахад шүү. Үүний нэг учиг нь мөнгө. Тэд бүх зүйлийг мөнгөөр зоддог, далайсан нэгийг мөнгөөр дардаг нигууртай гэнэ. Тухайлбал, тус уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийг хүүхдийн асуудлаар ярьж “номхруулжээ”. Ийн хэлэхийн учир нь тус суманд цэцэрлэгт хүмүүждэггүй хүүхдүүд олон байх бөгөөд хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох чин хүсэлтэй эцэг эхчүүдэд энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд 250 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж өгнө хэмээн амлажээ. Ингэж л эсэргүүцэл зарлаад байсан нутгийн зарим иргэдийг урвуулж чадсан юм гэдэг. Түүнчлэн ажилчдаа ч бодолгүй өвлийн идэр есийн цагаар хүртэл ажиллуулдаг аж.
Иргэдийн эсэргүүцэх болсон шалтгаан нь тус нутгийн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах “Их тохойрол” нэрт лиценз юм байна. Тодруулбал, тус нутагт “Эко Алтан Заамар” компанид нийт ашиглалтын таван лиценз байдаг байна. Уг лицензийн хоёр нь Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах газарт байдаг бөгөөд үлдсэн гурван лиценз нь осол гардаг хэсэгт байдаг аж.
Харин иргэдийн зүгээс голын ойролцоох газрыг ухуулахгүй, ухаж эхэлсэн газрыг тэлүүлэхгүйн тулд эсэргүүцээд буй юм. Ийн эсэргүүцсэний үр дүнд ч тус хэсгийн үйл ажиллагааг одоогоор зогсоожээ. Уг нь Туул голын онцгой хамгаалалтын бүс дэх лицензийг цуцлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хоёр ч удаа дүгнэлт гаргаж байжээ. Гэвч БОАЖЯ-аас цуцлах дүгнэлт гаргасан ч Ашигт малтмал, газрын тосны газар дээр уг асуудал ирээд гацдаг байна. Нутгийн иргэдийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт олон удаа гомдол гаргаж байсан ч авч хэлэлцээгүй гэх бөгөөд тус байгууллагыг шүүхэд өгөх талаарх асуудал яригдсан гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн төрийн ямар ч үйл ажиллагаа тус компанид үйлчилдэггүй гэх. Тухайлбал, улсын байцаагч тухайн газарт шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоогоод явдаг ч маргааш нь ажиллаад эхэлдэг аж. Лацдаад явахад нь хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байна. Сумын байцаагч, цагдаагийн ажилчдыг хүртэл үүдэн дээрээсээ буцаадаг бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлээд өдийг хүртэл тус компанид ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна.
Энгийнээр бол “Эко Алтан Заамар” нь төрийн үйл ажиллагааг уландаа гишгэж, өмнөө сөхрүүлсэн компани гэхэд хилсдэхгүй аж. Тэдэнд төрийн ямар ч шийдвэр нөлөөлөхгүйгээс гадна тус уурхайн онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах лицензийг цуцлах дүгнэлт гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг шүүхэд өгчээ. Харин уг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хойшилсон юм.
Монгол төрийг шүүхэд өгдөг ийм л том компани Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Нутгийн иргэдийн “Хязгааргүй” мэт эрх мэдэлтэй гэж хэлэлцдэг эл уурхайн нууц ноёнтоноор “Баян” Базараа гэж яригддаг гэнэ. Гэхдээ албан ёсны эзэн нь н.Эрдэнэжаргал хариуцан явуулдаг юм.
Энэ мэт “даам гардаг” Заамарын алтныханд даруулга өгье. Даварсан компанинудыг далайсан газраа далладаг болгож, төрийн сүрийг үзүүлэх цаг иржээ.
Б.Лхам
Эх сурвалж: 24TSAG.MN
|