Уурхайд гарсан осол газар хөдлөлтөөс шалтгаалаагүй гэв
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд өчигдөр хөрсний нуранги үүсч осол гарсан тухай бид мэдээлсэн. 6 ажилтан нурангид өртсөнөөс 2 ажилтныг аварч Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэжээ. Харин үлдсэн дөрвөн ажилтанг эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахаар тухайн өдрийн 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр очоод байгаа юм.Уурхайн нурангийг Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 27-ны өдрийн 23:00 цагийн үед газар хөдөлсөнтэй холбоотойгоор холбоотой хөрс нурах, гулсах нөхцөл үүссэн байж болзошгүй тухай зарим эх сурвалж мэдээллэж байсан.Тэгвэл ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Үүнийг газар хөдлөлттэй уялдуулж ойлгож болохгүй. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтооно” гэлээ.
МХЕГ-аас осол болсон “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ.