100-хан төгрөгийн “ГАВЬЯА”-г дарга булаацалдах нь ээ
Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэх мэдээллийн дараа цахим орчинд үнийн самбарт өөрчлөлт гараагүйгээр барахгүй 1980 төгрөгөөр борлуулж байгаа талаар шуугисан. Үүнийг нь албаныхан техникийн ажиллагаатай холбон тайлбарласаар гурван өдөр өнгөрөв. Гэтэл өчигдөр АМГТГ, ШӨХТГ, МХЕГ, НМХГ болон импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтарч суугаад өнөөх л 100 төгрөг буурсан талаар дахин мэдээлэв. Гурван өдрийн турш “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.Цаашид үе шаттайгаар буурах болно” гэх өнөөх л тайлбараа хэлж байх юм.
Гэхдээ энэ нь зөвхөн АИ92 автобензинд хамааралтай гэж байгаа. Учир нь дизель болон бусад төрлийн шатахууны үнэ хэвээрээ л байна лээ.
Засгийн газрын тэргүүн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд томилогдсон. Тэр үед АИ92 автобензин 1630, дизель түлш 1720, авто газ 1050 төгрөг байжээ. Энэ цагаас хойш АИ92 зургаан удаагийн давтамжтайгаар өссөөр 1980 төгрөгт хүрсэн. Тодруулбал, 350 төгрөгөөр нэмэгдэж дөнгөж 100-хан төгрөгөөр буурч байна. Гэтэл өнөөх эрх мэдэлтнүүд, импортлогч компанийнхан ширээ дүүртэл сууж байгаад үнэ бууруулсан гэх “гавьяа” минийх шүү гэцгээж байна.
Өнгөрсөн 2015 оны сүүлч буюу арванхоёрдугаар сард алслагдсан аймгуудын шатахууны үнийг нийслэлийнхтэй ижил төвшинд хүргэж байв. Тухайн үед тойргийн гишүүд нь салбарын яамныхантай уралдаж очоод индэр дээр зогсч “Та нарынхаа төлөө би хийсэн шүү” гээд матрын нулимс унагаж байлаа. Түүнд ард түмэн төдийлөн тааламжтай хандаж байгаагүй. Тиймээс ч тэд дүнгээ тавиулсан биз. Харин энэ удаад эрхэм Ерөнхий сайд ямар ч боломжгүй хэмээж байснаа Засгаа авч үлдсэнийхээ дараа “очков” авахын төлөө хийж байгаа алхам гэж олон нийт шүүмжилж байна.
350 төгрөгөөр өсгөчихөөд 100-хан төгрөгөөр бууруулсан “гавьяа”-гаа 100 дарга булаацалдах нь ээ дээ.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ сонин