Ц.ЭРДЭНЭБАЯР: Ам.долларын ханш ШАТАХУУНЫ ҮНЭ өсөхөд нөлөөлсөн
Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
“Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.
Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.
Шатахууны үнийн асуудал гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. 100 хувь гаднаас импортоор шатахуунаа авдаг. Ойрын үед газрын тосны боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Өнгөрсөн долдугаар сард үнийн асуудал хөндөгдөж орж ирэхэд томоохон импортлогч аж ахуйн нэгжүүдэд манайхаас мэдэгдэл хүргүүлж байсан. Гадаад зах зээлийн ханш ам.доллар өсч байгаа бол мөн ханш буурч байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг мэдэгдсэн. Тус компаниудаас гадаад зах зээлийн ханш буурахад жижиглэнгийн үнийг буулгана гэсэн хариу өгч байсан” гэлээ.
Түүнчлэн төрийн зүгээс худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй юм. АМГТГ-аас Бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу үнийн өсөлтийг тогтвортой байлгах тал дээр анхаарч ажилладаг. Тодорхой хэмжээнд үнийг тогтвортой ашигтай байлгах, ам.долларын ханшаас бууруулах зэргээр анхаарч байна.
Өнгөрсөн зургадугаар сард Үнийн зөвлөл хуралдаж, тодорхой саналуудыг Сангийн яам болон холбогдох аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. Эндээс үнэ тогтоохгүй, тодорхой зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргэх чиглэлээр ажлаа явуулдаг юм. Шатахуун нөөц хангамжийг салбарын яам нь харин хариуцдаг гэдгийг онцлов.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үний өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын Роснефть компаниас энэ оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран ам. доллар /тн дизелийн түлш 758 ам.доллар/ тн үнэтэйгээр нэмэгдүүлсэн” гэв.
Өнөөдрийн байдлаар шатахуун 37 хоногийн нөөцтэй байна. Цаашид нөөцөө яаж нэмэгдүүлэх, шатахууны үнэ бууруулах, эсвэл тогтворжуулах гарц арга юу байгаа талаар хэрэгтэй мэдээлэл өгсөнгүй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|