“Эрдэнэс Тавантолгой” ХК ТУЗ-ийн гишүүдээ шинэчлэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо. Хурлаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, холбогдох чиг үүргийг ТУЗ-ийн гишүүдэд өгсөн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд гаднын биржүүдээс Нью-Йорк, Хонгконгийн Хөрөнгийн биржийг сонгон судалж байна. Тус компани олон улсын зөвлөхүүд шалгаруулахаар тендерээ зарлаад байгаа юм. Мөн компанийн засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй байлгах, санхүүгийн ил тод байдлаа хангах зэрэгт анхаарч байгаа гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг онцоллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ дахь Төрийн төлөөлөл долоон гишүүний бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Харин ТУЗ-ийн хараат бус дөрвөн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.
Аравдугаар сарын наймны байдлаар "Эрдэнэс Тавантолгой” ХК 7.78 сая тонн нүүрс олборлож, 10 сая тонн борлуулаад байна. Тус компани нүүрсний олборлолтоо энэ онд 13 сая тонн, ирэх онд 15 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэх чиглэлтэй байгаа юм.
Есдүгээр сарын байдлаар тус компанийн цэвэр ашиг 483 тэрбум төгрөг болсон байна. Түүнчлэн жорк стандартаар ордын нүүрсний нөөц 7.3 тэрбум тонн байсныг 7.6-8 тэрбум тонн болгожээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|