Нинжа нарын сүйтгэсэн газрыг хэдий хүртэл улсын хөрөнгөөр нөхөн сэргээх вэ

2018 оны 8 сарын 30

Arslan.mn

Үлийн цагаан оготно хэт олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 90-100 хувь устгаж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг.

Тиймдээ ч тоо толгойг нь тэнцвэртэй барих үүднээс жил бүр устгалын ажил зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл үлийн цагаан оготно шиг хаа таарсан газраа онгичиж, байгаль эхийн хэвлийг урж тасддаг нинжа нар Монгол Улсын 21 аймагт 300 гаруй суманд үүрлээд буй. Бүр байгалийн унаган төрхөө алдаагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барагтай бол олгодоггүй гэх Ховд аймагт хүртэл тэдний гар хөл хүрч, тусгай хамгаалалттай газар нутгийг онгичиж байна.

Олон ястны өлгий нутаг гэгддэг ховдчууд эртнээс хилээ манаж, нутаг усаа хамгаалсаар ирсэн түүхтэй ард түмэн. Гэвч зах зээлд шилжсэн тэр цагаас өвгөдөөс улбаалж ирсэн түүхээ умартаж, эх болсон байгалиа онгичих хүртлээ доройтжээ. Ховд аймаг нь алтны орд тэр дундаа үндсэн орд олонтой. Энэ утгаараа гар аргаар алт олборлох боломж хязгаарлагдмал учир алтны эрэлд мордсон компаниуд олон жилийн тэртээгээс хараа бэлчээсээр ирсэн байдаг.

Азаар нутгийн удирдлагууд энэ мэт үйлдлийг таслан зогсоохоор тасралтгүй зүтгэсний буянд байгалийн унаган төрхөө алдаагүй цөөн аймгийн тоонд зүй ёсоор багтаж буй. Ингэж хөрөнгө мөнгө ихтэй компаниудыг хазаарлаж чадсан ч харамсалтай нь өнөөх нинжануудыг өмнө хүчин мөхөстөхөд ойрхон байгаа аж. Өдгөө Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мянгат сумын нутаг дэвсгэрт нутгийн нинжагаас гадна бусад аймаг, сумаас ирсэн нинжа нар хэдийн төвхнөөд зогсохгүй, боломж олдсон даруйд уул, толгодыг онгичин сүйтгэж буйг нутгийн хөгшид халагласан юм.

Одоогоос таван сарын өмнө нинжа нарын дунд алтны төлөөх тэмцэл дэгдсэнийг нотолсон харамсалтай хэрэг гарч байв. Энэ нь тус аймгийн Булган сумын Байтаг баг дахь Цагаан толгой гэх газар хууль бусаар аль олборлож байсан иргэд Баянхонгор аймгаас алт ухахаар ирсэн залуустай маргалдаж, улмаар нэг нь амь насаа алдсан юм. Хохирогч залуу таван удаа хутгалуулж амиа алдсан бол, дөрвөн иргэн эрүү, гуя, цээжин тус газартаа 1-2 удаа хутгалуулсан. Энэ бол олон нийтэд мэдэгдсэн хэргийн нэгээхэн нь.

Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй цөөнгүй хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Нинжа нарын дунд үүссэн алтны төлөөх дайнд бусдын амь нас ийнхүү хохирч байх хооронд байгаль эх ч тэднээс өөрийн аргаар “хариугаа” авсаар байна. Тодруулбал, он гарсаар цөөнгүй иргэн хууль бусаар алт олборлох үедээ шороонд даруулж амь нас баржээ, Өнгөрсөн сард л гэхэд Цэцэг суманд бас нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарсан байна. Энэ мэтчилэн нинжа нар алтны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцэхдээ Ховд аймгийн цөөнгүй нутаг дэвсгэрийг сүйтгээд амжжээ.

Аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын судалгааг энэ онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлж хийхэд 184.7 га газарт нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэж гарчээ. Тэр дунд тусгай хамгаалалтын бүсэд хамааралтай цөөнгүй газар багтсан байна. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Галсантогтох “Аймгийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөл авч гap аргаар алт олборлодог иргэн байхгүй. Харин хууль бусаар Булган, Алтай, Цэцэг суманд алт олборлодог.

Сарын өмнө Цэцэг суманд нэг иргэн шороонд дарагдаж нас барсан. Нутгийн удирдлагын зүгээс тусгай зөвшөөрөл шинээр олгох, гар аргаар алт олборлох тал дээр хатуу бодлого баримталдаг. Тиймдээ ч унаган төрхөө алдаагүй аймгийн тоонд ордог. Гэсэн тэдний хууль бус үйлдлийг таслан зогсооход хүндрэлтэй байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хууль бусаар олборлолт хийж байгаа газар нь шалгалт хийж, таслан зогсоохоор очих үед хууль хяналтын ажилчдыг ирж байгааг хэдийн мэдэж зугтчихсан байдаг” гэсэн юм. Ингээд Ховд аймгийн Байгаль орчин, аялал зуучлалын газрын дарга Б.Батбаяраас авсан тодруулгыг хүргэе.
Ц.БАТБАЯР: ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДЭД ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ АВСАН

-Аймгийн нутаг дэвсгэрийн багагүй хэсэгт нөхөн сэргээлт хийхээр болсон байна лээ. Нөхөн сэргээлт хийх газрын нарийн тоог гаргасан уу?

-Орон нутгийн төсвийн хөрөнгөөр эвдэрсэн газрын тооллогыг хийж дууссан. Судалгаагаар 184.7 га буюу найман сумын 35 газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж гарсан. Эдгээр газар нь зөвхөн нинжа нараас бус уул уурхайн компани, нөхөрлөлийн үйл ажиллагаагаа болж эвдэрсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ жилийн хувьд таван га газарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ. Өнөөдрийн байдлаар Цэцэг сумын Цагаан эрэг гэдэг газар нэлээд их хэмжээгээр эвдэрсэн. Тус газарт 20 гаруй иргэн хууль бусаар алт олборлож байсныг энэ сарын 26-нд таслан зогсоосон. Одоо гурван цагдаа байнгын жижүүрлэж ажиллаж байна.

-Энэ газарт үйл ажиллагаа явуулж байсан компанийг өнгөрсөн жил үйл ажиллагааг нь зогсоосон байх аа?

-Тийм. Гэтэл сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний дагуу энэ жил дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна лээ. Уг нь голын голдрил эвдсэн асуудал үүссэн учир Байгаль орчны газар болон Мэргэжлийн хяналтын газар хамтарч шалгалт хийн, үйл ажиллагааг нь 2017 онд зогсоосон юм. Тиймээс Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас тусгайлсан арга хэмжээ авч энэ жилээс татан буулгасан. Нөхөн сэргээлт хийж эхэлсэн.

-Энэ жилийн хувьд нөхөн сэргээлт хийх хэчнээн газар байгаа вэ?

-2015-2018 оны хооронд 61.52 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн. 2017 онд Алтай сумын Тамт, Хөхөргийн ар, энэ жилийн хувьд Дөргөн сумын Хөх эргийн аараг гэдэг газарт нөхөн сэргээлт хийсэн.

-Бичил уурхайгаас болж хэчнээн га газар сүйдсэнийг тодорхойлсон уу?

-Ерөнхийдөө 86.92 га талбай сүйдсэн. Нөхөн сэргээлт хийх зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс гаргах байх.

-Хэдэн төгрөгийн зардал гарах бол?

-Ойролцоогоор 400 гаруй сая төгрөг зарцуулах болов уу. Гэхдээ нэг жилийн дотор бүгдийг нь нөхөн сэргээх боломжгүй.

-Гар аргаар алт олборлодог хэдэн иргэн байдаг юм бэ?

-Нарийн тоо гаргах боломжгүй. 15 нөхөрлөлд бүртгэлтэй 566 иргэн бий. Үүний цаана бусад аймгаас ирж олборлолт хийдэг олон иргэн бий байх.

-Тэгэхээр нөхөрлөлийн нэр барьж хууль бусаар алт олборлодог байх боломжтой байх нь ээ?

-Үүнийг үгүйсгэхгүй. Хил залгаа аймгаас олон иргэн ирж алт хайдаг. Хамгийн сүүлд гэхэд нутгийн иргэд “унагалдай” гэж нэрлэдэг жижиг хэмжээний хоёр экскаватор ашиглаж, Алтай суманд алт олборлож байсан иргэдийг цагдаагийн байгууллага саатуулсан.

-Хуулийн дагуу арга хэмжээ авсан уу?

-Зөрчлийн хуулиар 2,000 нэгжээр торгосон. Ахиж зөрчил гаргавал техникийг нь хураана гэж анхааруулсан.

-Цагаан эрэгт алт олборлож байсан 20 иргэн бүгдээрээ нөхөрлөлийн гишүүнчлэлтэй байсан уу?

-Зарим нь гишүүнчлэлтэй.

-Мянгат сумын Алтны эх газарт “Усны эх” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Олборлолт хийдэг газар нь Алтанхөхий хайрхан баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог учир иргэд их эсэргүүцдэг юм билээ?

-Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

-Гэхдээ Ховд голын хөндий гэхээр урт нэртэй хуулиар хориглох үндэслэлтэй юм биш үү?

-Урт нэртэй хуульд хамаарахгүй. Учир нь голын ай саваас 500 метрийн зайтай байх ёстой. Гэтэл уулынхаа энгэрт үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас зөвшөөрөл авсан. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учир татан буулгах хуулийн үндэслэл байхгүй.

-Алтанхөхий уул төрийн тахилгат уул биз дээ?

-Хамгаалалтын зурваст хүрдэггүй. Нутаг усаа хамгаалж, эсэргүүцэх нь иргэдийн зөв. Саяхан багийн хурал дээр энэ талаар яригдсан байна лээ. Шийдвэр гаргах дээд байгууллагаас зөвшөөрөл авсан юм шүү дээ.

Нутгийн иргэдийн хэлснээр Алтай сумын иргэдийн баян, ядуу хэнбугай ч rap аргаар алт хайхаар уул өөд мацдаг гэсэн. Нутгийн хөгшдийн хэлэх нь ээ, машинтай нь машинаа хөлөглөж, машингүй нь бусдадаа дайгдсаар уулыг нүхэлдэг байна. Алтай сумын хувьд 2010 онд бууриа сэлгэсэн. Үүнээс өмнө нь сумын олон иргэн зуднаар малаа алдсан гэх. Амьжиргааны эх үүсвэргүй болсон иргэд нэг бол уул ухаж алт хайх, эсвэл зам дагуу хоолны газар ажиллуулах гэсэн хоёр сонголттой нүүр тулсан бололтой юм.

Харин Булган сумын хувьд 11 мянга гаруй иргэнтэй. Энэ утгаараа дэд бүтэц түлхүү хөгжсөн газар юм байна. Гэвч бас л уул ухаж алтны араас бэдрэх иргэд цөөнгүй байдаг аж. Нинжа нарын хувьд зуны халуунд гэхээс илүүтэй сэрүүн цагаар “ажилдаа” гарах нь түгээмэл аж. Ингэхдээ алтны цооног хүрэх зам дагуух айлуудад хэл хүргэж байхыг даалгадаг юм байна. Ингэснээр хэзээ, хэдийд цагдаа ирж хөөхийг мэдэхэд дөхөм болдог бололтой юм. Тэдний эл үйлдлийг аймгийн Засаг дарга Д.Галсантогтохын хэлсэн үг батлах шиг болсон. Тэрбээр “Тэр ууланд нинжа нар орлоо гэсэн мэдээллийн дагуу хууль хяналтынхан хөдөлдөг. Газар дээр нь очиход аль хэдийн зугтчихсан байдаг” гэсэн юм.

Нинжа гэсэн тодотголтой нөхдүүд нутаг сэлгэхдээ гаргууд. Аль нутагт аль гарсан талаарх мэдээллийг нэгнээсээ дуулангуутаа 4-8 хүний баг бүрдүүлэн хөдөлдөг. Үүний нэг жишээ нь дээр хэлсэн Ховд аймгийн Булган суманд алт олборлохоор Баянхонгор аймгаас сүрэглэн очсоныхоо дараа бусдын амь насанд хүрсэн залуус. Нинжа нар очсон газар бүрээ хүн харахын аргагүй болтол нь сэглэж, ухдаг. Харин үүнийг нь нөхөн сэргээхийн тулд улсын болон орон нутгийн төсвөөс зулгаахаас өөр аргагүйд хүрдэг.

Ерөөс манай улсад ийм л тогтолцоо үүсчихэж. Тиймээс л татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулахын төлөө нинжа нарыг үйлдэлд хатуу хяналт тавьж, хазаарлах нь хэрэгтэй юм. Харин тэдэнтэй ан ман үзэлцэж, байгалиа хамгаалж байгаа сайн жишээ Ховд аймагт бүрэлдэж байна. Тэдний энэ сайн жишээг бусад аймгийн удирдлагууд үлгэрлэх нь, зүйтэй биз ээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594363
0 эможи

keyboard_arrow_up