Гашуун сухайтын зам эвдэрсэн ч экспорт хэвийн үргэлжилж байна

2018 оны 8 сарын 03

Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн замд үерийн улмаас эвдрэл гарч, түр хаасан. Өчигдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” зэрэг компаниудын 380 гаруй нүүрс тээврийн автомашин саатаад байсан юм. Энэ талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой ярилцлаа.

-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн үерт эвдэрсэн зам дээр нөхцөл байдал ямар байна вэ. Хэдэн километр газарт ямар хэмжээтэй эвдрэл гараад байна?
-Энэ жил орон даяар хур тунадас ихтэй байна. Зарим нутагт гэнэтийн үерээс болж багагүй хохирол учирлаа. Таван толгой Гашуун сухайт чиглэлийн зам долдугаар сарын 14-31-ний хооронд таван удаа үерт автсан. Долдугаар сарын 14, 21, 25, 27, 31-нд “Энержи ресурс” компанийн уурхайгаас тооцвол 90, 93, 106, 117, 142, 162 км дэх зам үерийн улмаас эвдэрсэн. Тиймээс бид хохирлыг арилгаж, нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ялангуяа, 127 дахь км-т хоёр удаа уулын үер бууснаас замаар автомашин явах ямар ч боломжгүй болсон. 

Долдугаар сарын 14-нд болсон үерийн улмаас энэ хэсгийн зам эвдэрснийг засаж байтал дахин 29-нөөс 30-нд шилжих шөнө үер бууж, замын далангийн шороог бүгдийг нь урсгасан. Үүний улмаас 300 метр зам хажуу талаасаа цөмөрсөн. Энэ замын 3.5 метр орчим өргөн хэсэг нь л эвдрээгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл, хоёр эгнээтэй замын нэг эгнээ нь тэр чигээрээ нурсан байгаа. Үлдсэн эгнээ нь доогуураа усанд идэгдчихсэн. ийм аюултай нөхцөл үүссэн учраас 127 км дэх хэсэгт зам хаасан. 

-Энэ замын эвдрэл нүүрсний экспорт буурахад нөлөөлж байна уу?
-Одоогоор нүүрсний уртын тээвэр түр хугацаагаар зогссон байгаа. “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Таван толгой” гэсэн гурван компанийн Гашуун сухайт боомт руу нүүрс тээвэрлэж байсан болон нүүрсээ буулгаад буцаж явсан нийт 380 гаруй машиныг замаас гаргаж, зогсоосон. Цаад талаас нүүрсээ буулгаад уурхай руу явж буй 200 орчим автомашин түр зам ашиглалтад орохыг хүлээгээд зогсож байна.

Гэхдээ энэ цөмөрч, түр хаагаад буй зам Цагаан хадны боомтоос наана байдаг. Тиймээс Цагаан хадны боомтоос хил хүртэлх нүүрсний тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Энэ боомтод нөөцөлсөн нүүрсээ компаниуд Гашуун сухайтын 21 км асфальт, Ханбогдын 23 км шороон замаар тээвэрлэж байна. Эдгээр замаар өдөрт 850-900 автомашин экспортын нүүрс гарч байгаа. Тухайлбал, долдугаар сарын 30-нд хилээр нүүрс ачсан 790 автомашин гарч, ачаагүй 1059 автомашин орж ирсэн байна. Мөн долдугаар сарын 31-нд 872 нүүрс тээвэрлэн автомашин гарч, ачаагүй 811 автомашин орж ирсэн.

-Цагаан хадны боомтод хэчнээн тонн нүүрсний нөөц байгаа вэ? Зам хааснаас хэчнээн тонн нүүрсний тээвэр гацсан юм бэ?
-Энд ойролцоогоор 2.5-3 сая тонн нүүрсний нөөц бий. Өнгөрсөн өвөл хилээр бага хэмжээний нүүрс экспортолсон учраас тухайн үед нөөцөлсөн түүхий эдээ компаниуд хилээр гаргаж байгаа. Цагаан хадны боомтод голдуу орон нутгийн “Таван толгой” компанийн нүүрс бий. Харин “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” компаниудын нөөц бага хэмжээтэй байгаа. Бидний тооцоолж буйгаар 127 км дэх замын ойролцоо 30 гаруй мянган тонн нүүрсний тээвэр саатсан.

Үүнийг Цагаан хадынхтай харьцуулбал бага хэмжээ гэж хэлж болно. Бид уурхайнуудад онцгой байдал үүсэж, зам хаасан талаар тухайн үед нь мэдэгдсэн. Тиймээс компаниуд ачилтаа тодорхой хэмжээгээр багасгаад Цагаан хаданд байгаа нөөц нүүрсээ экспортлох зохион байгуулалт хийж байгаа.

-Зам засварын компаниуд түр зам хийж байгаа юм байна. Энэ түр зам хэзээ ашиглалтад орох вэ?
-Тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд бид 122- 132 км замын ус, шалбаагийг тойруулж 10 км урт түр зам тавьж байна. Замын ажил өнөөдрийн /өчигдрийн/ 14.00 цагийн байдлаар 70 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Наймдугаар сарын 2-ны үүрээр түр замыг нээхээр ажиллаж байна. Зам нээгдмэгц саатаад буй 380 гаруй автомашинуудыг 3-5 цагийн дотор нэвтрүүлнэ. 

-Тэгвэл үндсэн замыг хэзээ засч дуусах вэ?
-Үндсэн зам нээгдэх болоогүй. Бидний тооцоогоор 14-21 хононо. Зүгээр л асфальтыг нь нөхөх, засах, хөнгөн хучих ажил биш. Замын 3-4 хэсэгт бүрэн сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа учраас багагүй хугацаа шаардахаар байна. Хоолойн цутгалт дууссаны дараа бэхжилт хийнэ. Гүйцэтгэгч “уулын зам” компани 21 хоногийн дотор замыг хүлээлгэж өгөх ёстой. 

-Таван толгой-Гашуун сухайт замд ус зайлуулах хоолой байдаггүй юм уу?
-Говь нутагт хур бороо бага ордог учраас ийм хүчтэй үер буух тохиолдол цөөн байдаг. Энэ жил л таван удаа үер буулаа. 2017 онд нэг л удаа 106, 109, 111 км дэх замд үер буугаад татарсан байдаг. Үүнээс өмнө зам үерт автсан талаарх мэдээлэл алга. Анх зам барихдаа ийм их устай бороо орж, үер болно гэж тооцоогүй учраас цөөн тооны ус зайлуулах хоолой хийсэн байдаг. Уг нь зам дээгүүрх ус давуулах болон малын гарц хийх зэргээр стандартын дагуу ажилласан юм билээ.

Гэтэл энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож, уулын сувгийг дагаад зам руу их хэмжээний ус орж ирж байна. Мөн замын хажууханд үер буух тохиолдол ч гарлаа. Тиймээс бид үүнд дүгнэлт хийж, сүүлийн хоёр жилд үер буусан газруудад ус зайлуулах хоолой хийж байгаа юм. Тэгээд ч наймдугаар сард усархаг бороо ихтэй, цочир хүйтрэхээр байгаа учраас бэлтгэл ажил нэн чухал байна. 

-Үерийн улмаас гарсан хохиролд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ улсын баяр наадмын өмнө хуралдаад зам засварын эрсдлийн зардлыг баталсан байсан. Долдугаар сарын 14-нд болсон үерийн улмаас гурван хэсэгт учирсан хохирлыг арилгахад 106 сая төгрөг зарцуулсан. Энэ ажлыг “Билигт зам” компани гүйцэтгэж байгаа. Харин 127 дахь цөмөрсөн замыг засах, дөрвөн ус зайлуулах хоолой тавих ажлыг 488 сая төгрөгийн гэрээтэйгээр “Уулын зам” компани хийж байна. Ажлаа шуурхайлах үүднээс компаниудад 70 хувийн урьдчилгаа төлбөр олгосон байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593454
0 эможи

keyboard_arrow_up