Р.Сэддорж: Татвар төлөлтөөрөө бид улсдаа шилдэг тавд тогтмол шалгарч ирлээ
Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа.
-“Таван толгой” ХК Монгол улсын ТОР 100 аж ахуйн нэгжийн эхний X байрт шалгарчээ. Томхон шалгууруудыг биелүүлж байж шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болдог. 2017 оны ажлын ажилтаасаа хуваалцаач?
-“ Тавантолгой” ХК-ийн хувьд 2017 онд 4.1сая тонн нүүрс олборлон борлуулж 427.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс орон нутгийн төсөвт 183.4 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн. Татвар төлөлтийн хувьд улсдаа эхний 5-р байранд эрэмблэгдсэн. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд 2-р байранд орж байгаа юм. Өнгөрсөн онд компанийн хувьд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүний 90 гаруй хувийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарьласан. Нэгж хувьцаанд авч үзвэл 2410 төгрөг ногдож байна. Өмнөговь аймгийн хувьд хамгийн том хувьцаа эзэмшигч/51%/ болохын хувьд 64.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байгаа. Өнгөрсөн 10жилийн хугацаанд компанийн цэвэр ашгаас Өмнөговь аймгийн төсөвт зөвхөн ногдол ашгаар 215 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.
- Өмнөговь аймагт хэдэн оноос хойш ногдол ашиг хуваарилаж эхэлсэн бэ?
- Энэ талаар ярихын тулд компанийн түүхийн талаар товчхон мэдээлэл өгье. Манай компанийн хувьд Тавантолгойн бүлэг орд дээр MV-000287/A тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлолт борлуулалтын үйл ажиллагаа явуулж байна. 1966 онд ордыг анхлан эзэмшиж өнөөдрийг хүртэл 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Компанийн өмчлөлийн хувьд маш онцлогтой. Өмнөговь аймаг 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийг нь Монголын хөрөнгийн бирж дээр худалдаж байгаа бөгөөд Монгол улсын болон гадаадын улс орны иргэд аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Монголын хөрөнгийн бирж дээр 1995 оноос хойш арилжаалагдаж байгаа шилдэг хувьцаат компани.
- Өнгөрсөн жилүүдийн талаар болоод одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
- Өнгөрсөн 52 жилийн түүхийн хувьд олон олон үе шат, хүндрэл бэрхшээлийг даван туулж өнөөдрийн энэ амжилтад хүрсэн. Зах зээлийн нийгэмд шилжин орсон буюу 1995 он, нүүрсний анхны экспортыг эхлүүлсэн 2004 оноос хойш дан ганц дотоод хүчин зүйлээс шалтгаалахгүй гадаад зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах болсон. 2011 он дуустал нүүрсний зах зээлд өсөлттэй байсан. Гэвч 2016 оны эхний хагас хүртэл гадаад зах зээлд хүндрэлтэй нөхцөл байдал гарч уурхайнууд хаалга барих хүртэл хямарч байсан. Харин сүүлийн хоёр жилд нүүрсний гадааад зах зээл дээрх үнийн өсөлт болж бид бүхний хувьд, хувьцаа эзэмшигчдийн маань ч хувьд таатай нөхцөл байдалтай байлаа. Компани 2017 онд орлогоо 251.4 тэрбум төгрөг буюу 142.4 хувиар нэмэгдүүлж, 427.9 тэрбум төгрөгт хүргэсэн. Цэвэр ашгийн хувьд 86.9 тэрбум төгрөг буюу 2.6 дахин нэмэгдүүлж 141 тэр бум төгрөгт хүрсэн.Нүүрс борлуулатын хэмжээ нэмэгдэхээс гадна нүүрсний үнийг гурав дахин нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр 66 ам.доллараар борлууж байна. 2018 оны хувьд уурхайгаас таван сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй. Зах зээлийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна гэж үзэж байгаа.
- Хувьцаат компани болсон 23 жилийн хугацаанд ямар үр нөлөөтэй ажиллав?
-Үр нөлөөний хувьд аваад үзэхэд Өмнөговь аймгийн хөгжил, Цогтцэций сумын хөгжлөөс харагдана байх. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвөөс санхүүжилт авдаггүй харин татвар төвлөрүүлдэг цөөн аймгуудын нэг. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ 21 аймгаа тэргүүлж шалгарсныг санаж байгаа байх. Өнгөрсөн жилүүдийн дунджыг аваад үзэхэд Тавантолгой ХК-ийн зүгээс төлсөн татвар, ногдол ашиг нь аймгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн 60-70 хувь бүрдүүлж ирсэн байдаг. Орон нутгийн өмч давамгайлсан, нээлттэй хувьцаат компаний хувьд засаглалын хамгийн ил тод хариуцлага өндөртэй гэж ойлгож болно. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа 200 орчим компаниудиас хамгийн их ногдол ашиг хуваариласан компаниар бүртгэгдсэн байдаг. 2009 оны тавдугаар сард нэгж хувьцаа 970 төгрөг байсан. Өнгөрсөн жил тухайн сард 4400 төгрөг болсон харин өнөөдрийн хувьд 10000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа.Энэ тоо юу харуулж байна вэ гээд жишээгээр тайлбарлахад 2009 онд манай хувьцаанд нэг сая төгрөгөөр хөрөнгө оруулсан хүний хувьцаа өнөөдөрийн байдлаар 10 сая төгрөгийн үнэлгээтэй болсон байгаа юм. Мөн өнгөрсөн жилүүдэд ногдол ашгаа хүртчихнэ сүүлийн хоёрхон жилийн ногдол ашгийг тооцоод үзвэл 3,5 сая төгрөг болно.
- Хувьцаат компаний хувьд ашигтай ажиллаж ногдол ашиг тараана гэдэг нэлээд том үзүүлэлт гэж ойлгодог.
-Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй байгаа 210 компанийн хувьд өнөөдрийн байдлаар 1-р зэрэглэлийн компанийн ангилалд хамаарч байгаа. Энэ ангилал нь компанийн үнэлэмж, ногдол ашиг тараалт, засаглалын зөв хэлбэрээр явж байгаа эсэх зэрэг олон шалгуураар ангилж тодорхойлж байдаг. Зах зээлийн үнэлгээний хувьд нийт компаниудын тэргүүлэх эгнээнд явж байна. Өнгөрсөн 52 долоо хоногийн үзүүлэлтийг авч үзэхэд хувьцааны үнэ 850-13310 төгрөг болсон. Энэ нь тус хугацаанд нэгж хувьцааны үнэ 14.5 дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарч ирж байгаа юм. Жишээ болгоод сонирхуулахад анх хувьцаат компани болж байхад уурхайд маань ажиллаж байсан ажилчдаас хувьцаа эзэмшиж өнөөдрийг хүртэл ногдол ашгаа аваад явж байгаа манай ахмад уурхайчин байна. Сая гарсан шийдвэрийн дагуу жилдээ 600 орчим сая төгрөгийг ногдол ашгаар аваад явж байна шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин